PEEPHOLE
2010-02-16 12:20
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(5)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 998 удаа

юун дээр сууж яасан ийснээ ч уншсангүй, мөр зөрөө ч гаргасангүй. энэ жилийн хувьд зүгээр л тэр дээрээс намайг ивээж, тэтгэж, хэлтрүүлж байдаг бөгөөд надаас хамаардаггүй, намайг хамаардаг оршихуйд сэтгэлдээ залбиран мөргөснөөр сар шинийг өнгөрүүлэвэй. надаас хамаардаггүй гэж алдас өчив, маргааш намайг хэрхэн ивээх нь өнөөдрийн надаас хамаардагийм байна шүү. ер нь мөр зөр гаргах, шүдэнз хугалж, цаас тасдаж, шороо цацаж, шил булах чинь зүгээр л олон нийтийн сэтгэл санааг жилдээ нэг ариусах, залбирах, чин сэтгэлээс хүсэх, тэмүүлэх гэх мэтэд чиглүүлэх гэж хэлбэршүүлсэн эд юмдаг уу даа. тэр болгоны цаана чиний сэтгэл санаа ухамсартайгаар, зорилготойгоор эрчлэн төвлөрөхгүй бол нойрноосоо хороож, гудамж бохирдуулахаас цаашгүй хэрэг мэт санагддым.

цагаан сарыг малчдын баяр болгон хөдөөгүүр голдуу тэмдэглэдэг байсан тэртээх социализмын жилүүдэд манайх малчин айл байхаа болиод хотошжиж эхлээд хоёр дах үе рүүгээ орсон байсан тул цагаан сарыг “цагаан сар ба хар нулимс” зохиолоор л гадарладаг халтар жаал шинэ жилээр алим, мандарин олж идэхийгээ амьдын жаргалд тооцдог байж билээ. ахлах ангид орохын өмнөх өвөл хаврын заагт, өдөр хичээлийн дараа манай ангийн Н гэдэг охин “эмээ цагаан сар хийжийгаа, хэдүүлээ манайд очий” гэснээр бидний хэдэн нөхөд хичээл тарсан тэр чигтээ поорм, паарчигаа намируулан тэднийхийг зорив оо. хүн болсноос хойш ухаан санаанд тод үлдсэн анхны цагаан сарын “айлчлал”.

Н бол сурлагаар гавьдаггүй ч сахилга баттай, бараг чанд хатуу шахам охин байсан бөгөөд ээж нь хэзээ ч юм бурхан болсон, аав нь тээврийн жолооч ч билүү, дүү нь гэх нусанхайвтар бор жаал хаа нэг ангийн хаалгаар шагайдаг, бидний хэдэн хувьсгалт журмын нөхөдтэй нийлж дүрстэй дүрсгүй хэрэг хийхгүй ч, юм ярихаар л юунд ч юм учиргүй инээд хүрээд салдаггүй болчихдог бидний нэг тийм аальгүйтлийн цуглаанд хаа нэг тохиолдлоор оролцчихдог, хаа нэг инээчихсэн зогсдог охин байсым. тэр миний яг урд талын ширээний охидын эгнээнд буюу зүүн гар талд, харин би хөвгүүдийн эгнээнд, манай орцны 4 давхарын Ж гэдэг охинтой суудаг байсан нь манай ангид хүйсийн тэнцвэр алдагдсан байсных шүү дээ. маний ширээ хамгийн хойно. анхааралтай, томоотой гэгч нь урагш самбар руу харсан чигээр зүүн гараа сунгаж үзэгний бөгсөөр Н-г хатгаж үзнэ, багшаас айгаад мөрөө хавчиж эсэргүүцэл үзүүлэхээс хэтрэхгүй, хөөрхий...үэхэхэ. тэр хөдөлмөрийн салааны дарга, суухдаа ч алхахдаа ч хачин цэх, бараг гэдгэр шахам байдаг байсан нь дөнгөж эм хүний төрх сууж, ургаж эхэлсэн хөх мөхнөөсөө үхтэл ичиж, нуух гэж үйлээ үздэг байсан мань мэтэд гайхалтай санагддагсан. би гэж нэгмуу хурган ишгэн тугалан дарга хийдэг, хүний хүүхдүүдийн сахилга бат, сурлага, дүн, ариун цэвэр, ангийн цэвэрлэгээ, урлагийн үзлэг, намрын спартакиад, хэрүүл зодоон шүүх, хүмүүжлийн ажил зохиох гээд хариуцахгүй юмгүй хэнхэг хэрнээ тэрүүхэндээ болох болохгүй жижигхэн тэрориист оролдлогыг сэмхэн хийж тэр нь аав ээжийн буянд авдаг муугаас дээш дүнд халхлагдан багш нарын нүдэнд өртөлгүй өнгөрдөг жаал байсан ба дунд ангийн эхний үесэд, ариун цэврийн салааны даргатайгаа нийлэн долоо хоногийн дундуур айлын хүүхдүүдийн хумс хуруу, нусны алчуур, гутлын алчуур, зах ханцуйны даавууны бүрэн бүтэн, бохир буртгийг шалгаж, илрүүлж, буруушааж дөвчигнөх их ажлыг ангийн багшийн мэргэн удирдлаган дор гүйцэтгэдэг байв. тэр дөвчигнөлд Н маань хааяа өртөнө. зах, ханцуйны цагаан даавуу нь но-той байж таарна. хэд хэдэн удаагийн дөвчигнөлд өртсөний дараа Н-ийн авсан хариу арга хэмжээ үнэнхүү бишрэм, ШБОСсог байсан нь юув гэхээр зах ханцуйныхаа даавууг гялгар уутаар бүрж оёчихоод ирсэн бөгөөд түүний энэхүү гарамгай шийдлийг бахдсан сурагч-иргэд олноор тодорсон нь ангийн сурагч-ард олны ихэнх нь маний дөвчигнөлийг үзэн ядаж, бухимддаг байсны илэрхийлэл байжээ, бурхан минь маний нүглийг өршөөж хэлтрүүлнэ үү, ом манжиитаг занжиитаг пад суха пүха.. харин би болбоос зах ханцуйндаа орос дэлгүүрийн “завод манжиитаг” хаддаг, тэр нь нийлэг, цэцэг хуаран хээтэй торон болохоор нүдэндээ лаазэр зүсэлт хийлгэн болороо зүлгэж, фооксоо хурцалсан л биш бол баргийн хүний нүдэнд буртаг нь харагддаггүй байлаа...үэхэхэ.

гэж дундуур нь хувийн чанартай ириклаам явуулаад үргэлжлүүлэхэд тэднийх нэг их томгүй гэрт, хашаандаа нэг томоотой хар нохой, хашааны хойд талд зуны бололтой жижигхэн байшинтай айл байсан, одоо бодоход би тэднийд эхний бөгөөд эцсийн удаа очсон нь тэр байжээ. Н бол миний хувьд найз биш, зүгээр л нэг ангийн охин байсан гэсэн үг. эмээ нь биднийг хүүхэд гэж гололгүй цай чанаж өгч, идээ амсуулж, бууз жигнэж өгөв. тэгэхэд анх удаа шагайгаар мэлхий өрөх гээчээр наадаж ихэд баяссан ч өнөөдрийг хүртэл ахиж тийм завшаан тохиогоогүй л явна. сэтгэлд их тод үлджээ. гэрийн зүүн талд, хоймроос доохнотой ширдгэн дээр баахан хөгжилдсөн санагдана. нэлээн тонгойсон нарны гэрэл тооноор гийж, гэрт сайхан гэгээтэй, дулаахан, арц хүж анхилаад таатай. явахад эмээ нь бидний гарыг цайлгаж чихэр тэргүүтэн дээр нэмж хуруу эсгэм шив шинэ нэгтийн дэвсгэрт өгсөн нь шинэ жилийн гацуур дээр “тавигддаг” мөнгөнөөс хамаагүй өөр санагдаж нугалчихалгүйхэн шиг авч харих гэж номныхоо завсар хийв ээ. анхны цагаан сарын анхны бэлэг. заримдаа ямар ч зорилгогүй сөхөж харсаар анги ахихад анатомийн номны завсар хийгээд арав төгстөл хамтдаа байв. харин Н наймдугаар анги төгсөөд тээмэс билүү, тээхникүүм билүү, тийм юманд явж, хожим улс даяараа зах зээл гээчид шилжээд дэлгүүрийн байшин дотор олон жижиг дэлгүүр багшраастай болчихоод байхад, үнэтэйвтэр солонгос бараатай лангуунд зогсох ганган бүсгүй “хүүүүүеээ.э.э.э сайн уу” гэх хүртэл гялгар уутан дуулгатай зах ханцуйн даавуут охиныг гэж таниагүй билээ. хөдөлмөрийн салааны дарга маань худалдаа наймаа эрхэлж, гэдгэр тэвхгэр охин гунхалзсан туялзсан бүсгүй болж, маниар ариун цэврээ шалгуулдаг сурагч манийхаас хамаагүй урт, ганган хумстай болсон байвай. айлын эзэгтэй болж, алиахан үр тэвэрч, тэртээх сурагч ахуйнхаас инээхэд хамар дээр нь үүсдэг зураас л үлдсэн байв.

харин Н-н эмээгээс хүртсэн нэгтийн дэвсгэрт манай гэрт, харанхуй өрөөнд, жижигхэн улаан алаг чимдаанд, бага балчир, идэр үеийн дурсамж дүүрэн “эд баялаг” дотор, арван жилийн ангарай байх үеийн гэрэл зурагнууд дунд байгаа. байх учиртай. дэлхийн болон улс орны ямар ч эдийн засгийн хямралын үед түүнийг хэрэглэлгүй үлдээж, хаа нэг эд баялагаа сөхөж, бүрэн бүтэн байдлыг шалгаж, дурсамж онгичихдоо түүнтэй тааралдах бүрт мөнөөх анхны цагаан сарын цай, бууз, арц, хүжний үнэр үеийн хэдэн охидын инээд, шагай хорших дуутай нийлэн санаанд ургадаг билээ.

цагаан сарын бас нэг дурсамж бий. үгүй ер нь зөндөө олон бий. гэхдээ хоёр дах нь болбоос хааяа “хар муу санаат хүмс” ар нуруунд гарыг хүлж, ам хамрыг онгойлгон тэлж байгаад албан хүчээр цутгаж, аюулхай руу чичэж залгиулчихдаг нэг муухай гашуун умдааг анх амссантай шууд холбогдох тул энэ билэгт сайхан сар шинийн өдрүүдэд өгүүлэхийг тэвчье ээ. хэд хоногоос энэ тухай үг үсэг бамбаралдууламз.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Jamba (зочин) | )
2010-04-04 | 22:00
xiil togolj ugsund bayarav.

Холбоос | |
(хундага | )
2010-02-18 | 23:37
Хүү
амархан сайн байнаа. та сайхан шинэлэв үү?

300
их олсон нь их төлдөг татварын үндсэн зарчимыг эртнээс мэдсэн хүн байх нь ээ..кк
би ч хожим л айл хэсэж олсноо бараг бүгдийг нь ээждээ л өгчихдөг, ээж найруулга хийж бэлгэнд, хэрэгцээнд энээ тэрээ гээл ангилдаг байсан байх даа

Жамба
миний хүү юм хум бичсиймү? шилгүй болохоор юу ч харагдахгүйм

тэр яахав ээ, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД! чамайг Жамбалтиин гэж нэрлэмээр санагдав Boo hoo!

Холбоос | |
(Жамба (зочин) | )
2010-02-17 | 15:33
нэг уншаад эхлэхээр амьсгаа авахгүй байжийгаад яг муужирч унах гэж бйайшдээ. гамтай бичжийлдаа. хэхэхэ. гэснээс САР ШИНИЙН МЭНД гээд томоос том бичихээр харахгүй уншихгүй байхыг нь харнааа хэхэхэ. Цагаан сартай холбоотой дурсам ж маань 2 сард төрсөн нөхдийн адил тэр жилийн цагаан сар төрсөн өдөртэй минь ингэж давхцаад, ингэж төөрөөд гэсэн байдаг юм. Энэ жилБалинтийнтай давхцаад дараа нь маний төрсөн өдөр болжийно.

Холбоос | |
(300-н блог | )
2010-02-16 | 18:18
хэхэ

Маний үед цагаан сарын гавтгайртал хийдэг үе байсандаа хөөрхий. Хөдөөний болоод тэрүү том цагаан шуудайрхуу тор үүрээд бүхэл Аймгийн төвийн 40 тавин байшингийн төдөн зуун айлын хаалгыг дурандаа алгасалгүй, нарийвчлан бүртгэж, тайлаагүйг нь нэхэн ирэн балбаж, хөөгдөж, туугдаж, нүд үзүүрлэгдэж, нусаа гоожуулжээж ганц 2 чихэр жимсгэнэ цуглуулдаг байв хөөрхий. Гэхдээ хөөрхий чихэр жимсгэнтэй үлдсэн нь их юм. Байшин болгоны гадаа байрны атаманууд. Тэдний байрыг дайлаад гарсан учраас задгай хэдэн төгрөгүүдийг бүгдийг татварт тууна.

Холбоос | |
(xvv | )
2010-02-16 | 16:46
Мэндээ амархан сайн байна уу баярлах


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)