олоон жилийн өмнө, яг өдийд нэг их цас орсым, Улаанбаатарт. өмнө нь хэд хэд орсон цас дагтаршаад, хүн ихээхэн алхдаг газраар хэдийнээ үнэгүй гулгуур “ажиллаад” эхэлчихсэн, хөдөлгөөн ихтэй замд машины дугуйны ороор хар мөр зурайчихсан, шинэ жилийн үдэшлэгтээ гоёж нимгэлсэн хүүхнүүдийг хайрч дааруулахгүй гэсэн мэт тэнгэр хангай тогтуун байсансан. оны эцэс дөхөөд алба болон амины ажил оволзож, хажуугаар нь үдэшлэгэнд явах найз хүүхнүүдийнхээ гоёлд гар бие оролцох хүндтэй бөгөөд зугаатай үүрэг хүлээж гэр – ажил – дэлгүүр – найзын гэр – гэр – ажил ... гэсэн маршрутаар жилийн сүүлийн хоногуудыг элээдэг байлаа, тэр үед. найзуудын цугларалтыг эс тооцвол гоёж гоодон шинэ жилийн үдэшлэгэнд явах завшаанаас хол байж. хийж байсан ажлаас л болсон байх. ойр дотныхондоо бэлэг бэлдэж, хүссэн бэлгийг нь олохоор дэлгүүрийн лангуугаар хэсүүчилж, өөрийн гараар боож гоёхоор шөнө дөлөөр амьсгаа даран бөгтөгнөж, он солигдох мөчид ширээ дүүргэхээр хэтэвчээ гөвж... тэгээд л тэр нь гоёж гоодон үдэшлэгэнд орж, харц тогтоон харсныг нь хандарлаа гэж андуурч, вальс эргэн, шампаань шимж наргин цэнгэхийг орлодог байж л дээ.. түүнтэй хамт байсан болохоор. тэр өдөр ажлынхны зохион байгуулсан гайгүй том хүлээн авалтын арын албанд зүтгэсний хэрэг гарч элдэв асуудалгүй өндөрлүүлээд, оны сүүлийн ажлын ард гарснаа тэмдэглэж шампаань задлан халамцаж, их үдээс хойш хоосон байсан ходоодоо баярлуулав. хүлээн авалтад хэрэглэсэн цэцэгнээс хувь хүртэж тэвэр дүүрэн сарнайтай, албаны хэм хэмжээнээс халилгүйгээр хэрэндээ гоёж, даашинз углан, өсгийтэй шаахай жийж, үстэй дээл хөдөрсөн хүүхэн гадаа гартал бударч байсан.. цас.. цэнгэг хүйтэн агаар.. битүү харанхуй тэнгэр.. гэрэлтүүлэгний бүрхүүлээс орох мэт бүжих цасан ширхгүүд.. тэгээд чи.. чиний тэвэрт очихын хооронд даарч амжсан намайг өөр рүүгээ татах гар чинь.. над руу бөхийхдөө байгаа алдахгүй олзолдог уруул чинь.. хөлдөх шахсан хамрын үзүүрийг гэсгээдэг хацар чинь.. шанаа чинь.. хав халуун байсансан.. машины бүхээгт сарнайн үнэр түгж.. өндөр өсгийтийн улыг халуун агаар төөнөж.. өөрөө чи намайг “шатааж”.. өврөөс чинь дотно үнэртэн ханхалж.. өөрсдөө дэндүү залуухан байсан.. биднийг.. өрөөлийн нүднээс нуух гэсэн мэт цас малгайлсаар л.. чиний нүд надаар дүүрэн, миний нүд бас чамаар дүүрэн, чиний зүрхэнд би л байдаг, миний зүрх бас чамаар л халгидаг байж дээ. цас орох болгонд ой тойнд өөрөө харван орж ирдэг энэ дүр зураг.. цасаар..хайраар.. хүсэл мөрөөдлөөр.. дүүрэн байдаг. харин одоо хажууд чи алга. цас ч алга. энд яг одоо бороо асгарч байна.