гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа нь ойлгомжгүй санагдав. бүхнийг хамруулан буруутгаад л, шүүмжлээд л, зүхээд л, итгэл алдраад л... мань мэт шиг мөхөс амьтан уншихаар учраа ч ололгүй, өөрийн эрхгүй тэр уур бухимдлын хэлбэлзэлд нь автаж дагаж савламаар ч болж байх шиг. тэгээд өнгөцдөв.
жаахан хугацааны дараа, хийрхэл бухимдал намжсаны дараа бодит үнэнийг мэдмээр санагдаж байна.
үнэндээ надад сонгууль нэг их сонин биш байлаа. саналаа өгч чадахгүйгээс хойш. намайг сонирхсон сонирхоогүй, бухимдсан бухимдаагүй, тэлчигнэсэн тэлчигнээгүй, юм болдгоороо болоод булхайцан барин хэн нэгэн нь гараад, булхайцахад зарсан зардлаа нөхөх гэж бүх боломжийг ашиглан авилгалаа авч, албан тушаалаа ашиглаад, эрх ашиг нь нийлж байвал эсрэг хүчинтэйгээ нийлж идээд, нийлэхгүй байвал гүтгэж, муриж, дийлж идээд.
засгийн эрхэнд хувьсгалт нам нь гарна уу, ардчилсан хүчин нь гарна уу, ямар намд харъяалалтайгаасаа үл хамаараад дээр гарсан хүмүүсийн тун цөөхөн хэсэг нь, тун дийлэнх бус тохиолдолд л улсын, бас ард түмэн хэмээн тодорхойгүй хийсвэр ойлголтоор илэрхийлэгддэг олонхи ч юм шиг, дийлсэн цөөнх ч юм шиг хэсгийн эрх ашгийг өөрийнхөөсөө дээр тавина. идэж цадах болоогүй "шинэ" улс төрчид тул. намын нэр нь л өөр болохоос үнэндээ улс төрийн нэг намын өөр өөр фракцууд шиг л санагддаг. улс төрийн намын уламжлал байхгүй "шинэ" тул. сая жагссан олон мянган хүмүүс ч гэсэн ардчилсан хүчин уриалахад ч, хувьсгалт нам гэдэг фракцынхан уриалахад ч аль алинд нь жагсах л байсан. иргэншиж амжаагүй балчир ардчилсан нийгмийн эдийн болон оюуны ядуу "шинэ" иргэд тул.
улс төрийнхний заваан бантанг үл тооцоё, нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлийг үл тооцоё, малигар шар хүн гэх мэтүүдийн мангар заваан эрх ашиг, муйхар тархийг үл тооцоё... зөндөө завааныг үл тооцоё. тэгээд бодоход, шинэковуудад алдаж эндэх байлгүй л яахав, төөрч будилах байлгүй л яахав, самгардах цалгардах байлгүй л яахав.. харин ч иргэншиж гүйцээгүй "ард түмэн"-тэй улс энэ зэрэгтэй "ардчилагдаж" байгаа нь авууштай. ардчилагдаж эхэлж гэх нь ч зөв юм уу.
гэхдээ, хүний амь сүйдсэнд, хүний гараар бүтсэн олон сайхан зүйл сүйтгэгдсэнд маш их харамсаж байна.
өөр зүйлд бол огтхон ч үгүй.
нийгэм тайвширч, эрүүл ухаанаар асуудалд хандаасай, ийм байдлыг үүсгэсэн хүчин зүйлийг зөв тодорхойлоосой, алдаагаа дахин давтахгүй байх сургамж аваасай, тэгээд хэрэв чаддагсан бол буруутнуудад хариуцлага хүлээлгээсэй гэж чин сэтгэлээс хүсэж байна.
японд бол өдий цаг үед ийм үймээн гарахгүй. яагаад гэвэл улс төрчид нь эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, цэвэрхэн идэж сурсан, ард түмний амьдрал нь сонгуулийн дүнгээс үл хамаарах харьцангуй тогтвортой.. тэд иргэншиж, ардчилсан капиталист нийгмийн гишүүд байж хэдийнээ сурцгаасан. уг нь бол ийм л ялгаа.
ингэхэд Эрхэм Блогчид оо,
- Та талбай руу очих байсан уу?
- очсон бол жагсаалд оролцох байсан уу?
- оролцсон бол галдах байсан уу?
- чулуу нүүлгэх байсан уу?