дээр үед ээ... баргалжил өнгөрдгийн өнгөрдөг сард Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орон, эх дэлхийнхээ ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ.
үр дүнд нь дэлхийг хамарсан санхүүгийн хямрал сайхан "хөгжжийна".
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна. буруу зөрүү байваас хэлнэздээ.
бид энэ зурган дээрх шиг (зургийг бол нээтээс туув) хөөрхөн улаан энгэрэвчтэнгүүд, улаан малгайтангуудтай таарсан бөгөөд тэднийг японоор
О-жизоо-сан гэдэг.
“албан ёсоор” бол 地蔵菩薩 (じぞうぼさつ)гэдэг.
бүүр “албаны албан ёсоор” бол क्षितिघर्भ kSiti gharbha... магад Сэдгарав?... гэдэг гэнэ.
Сэдгарав гуай гээд нэрлэчий.
kSiti нь газар, эх газар, газар хөрс, gharbha нь хэвлий, сав гэсэн утгатай санскрит хэлний үгс ба утгачилбал 地蔵жизо буюу “газар лугаа агуулсан”, “хөрснөө орших” гэсэн үг болох аж.
Бурхан багшийг дүйцсэнээс хойш Майдар (?) (मैत्रेय maitreya) бурхныг энэ дэлхийд залрах хүртэлх “бурхангүй газрын бумба галзуурч” байсан хугацаанд Сэдгарав гуай хүний ертөнцөд амьдарч, хамаг амьтны туулах зургаан шатны (зам) талаар зааж сурган, гэгээрэлд дөхүүлэх их үйлийг гүйцээж асан бодьсадва буюу Гэгээнтэн ажээ.
японд, Хэи-Аны (794-1185) дунд үеээс шүтэж ирсэн ба энэрэл нигүүлсэл бялхах тайван амгалан дүртэй, баруун мутраараа модон таяг тулж, зүүн мутартаа эрхи барьснаар бүтээх нь элбэг.
Сэдгарав гэгээнтэн, нүгэлт төрөлхтнийг зовлонгоос хэлтрүүлэх, хувь тавилангийн эрхэнд цаг бусаар эцэг эхээсээ түрүүлэн одсон болон “одогдсон” нялх жаахан хүүхдийн сүнсийг аврахаар дээд доод зургаан шат (тив?) хооронд бадарчлан явдаг гэнэ. нялх хүүхэд бүрлээч болж, энэ орчлонг орхисны дараа "эцэг эхийгээ уй гашууд автуулж, ачийг нь хариулах байтугай, зовлон шаналал нэмсэн" хэмээн ад чөтгөрүүд шоглон тохуурхаж, эргэн хүн болж төрөхөөр очих ёстой газар нь очуулалгүй саад хийж тарчлаадаг бөгөөд хөөрхий бяцхан сүнснүүд тэрхүү дарлалыг үүрд амсангаа нүглээ наминчилж, чулуун суварга тасралтгүй барих хүнд үүрэг хүлээдэг гэнэ. зовлонд унасан тэр бяцхан сүнснүүдийг энэрэл хамгаалалдаа багтаан, Бурхны номыг айлдаж, хойд нас, гэгээрлийн замд хөтлөх ачтай үйлийг энэ Сэдгарав гэгээнтэн хийдэг хэмээх домог байдаг юм байна.
он цагийн уртад, хагацал зовлонд нэрвэгдсэн хүмүүс аврал эрэхийн эрхээр түүнийг шүтэж, түүнд сүсэглэх янз хандлага нь өөрчлөгдөж иржээ. орчин цагт олон түмэн Сэдгарав гэгээнтнийг бүтээхдээ голдуу хоёр тохойгоос илүүгүй өндөртэй бүтээж, хөөрхөн улаан малгайг тэргүүнд нь, хөнгөхөн жижигхэн энгэрэвчийг хүзүүнд нь тус тус залдаг болсон нь бяцхан үрсийнхээ арыг даатгаж, талархсан сэтгэлийнхээ илэрхийлэл болгож буй нь тэр гэнэ. нялх хүүхдийг японоор 赤ちゃん、赤ん坊 буюу "улаан нялзрай үр" гэдгийм.
оршин буй дэлхийн маань эхийн хэвлий мэт зөөлөн хөрс шинэ амийг өлгийдөн авч торниулан бойжуулж, хайрандаа бүүвэйлж агуулдаг шиг нүгэлт төрөлхтнийг үл төгсөх зовлонгоос гэгээрүүлэн ангижируулдаг ачтан хэмээх Сэдгарав гэгээнтэн улаан малгай болон энгэрэвчээр гоёсон учир ингэж олдов.
цаг бусаар тасарсан бяцхан амь ч бий, цаглашгүй нүглийн хэлтэрхий болгож “таслагдсан” амь ч бий. аль алинийг нь энэрэлдээ багтааж нигүүлсэнэ үү, Сэдгарав гэгээнтэн минь.