энэ насан дээрээ аав минь юу бодож, юу мөрөөдөж, юу хүсэж, юуг ухаарч, юунд шаналж, юунд жаргаж, амьдралын олон өнгөнөөс алийг нь тод харж байсан бол гэж баахан бодоод ямартай ч шинээр ирсэн нялзрай охиндоо яаран ажлаа эрт дуусгачихаад гурав, дөрвөн цагийн орчим харьдаг байснаас үзвэл гэрэл гэгээтэй, өөдрөг, гэр рүүгээ яарсан өдрүүдтэй байсан байх гэдгээс өөр хариулт олдсонгүй ээ.
би, элдэв зүйлийн талаарх аавынхаа бодлыг сонсож гүйцээлгүй үдэх тавилантай байсан нь юутай харамсалтай. өдийд арай өөр өгүүлбэрүүд бичээд сууж байх байсансан даа.
намайг анх бархирсаар энэ бөмбөрцөгт ирэхэд аав хэдтэй байсан, би тэр насанд хүрэв. намайг бархируулсаар аав маань энэ бөмбөрцгийг орхисноос хойш олон жил өнгөрөв. Энэ хооронд нялцгай охины зүрх бөөн шарх сорив болсон ч түүний хүчинд аавыгаа нэгэн хувь хүн гэж, нэгэн эр хүн гэж, ээжийгээ мөн нэгэн хувь хүн гэж, нэгэн эмэгтэй хүн гэж харах, бодох өчүүхэн бяд тархинд суусан болов уу гэж найдмаар.
энэ өдрөөс жил хагасын өмнө доорхийг бичсэн байхын, би. бодвол их л эртнээс энэ өдрийг арай өөр "би"-гээр угтуулахсан гэж бодож явсан бололтой. гээд яаая гэхэв, одоогийн "би" ч, би л юм шүү дээ.
https://hundaga.blogmn.net/12626/
нээгээд үзсэн... сэтгэгдлүүдийг нь уншсан чинь ... ямар ч гэмээр юм бэ дээ, нэг тиймхэн болчихсон тул энд дахин хуулахаар зоригловой.
Тантай хундага тулгах байсансан
Таны, аав болсон насанд хүрэх
тэр өдрийнхөө орой
талархаж