- байна уу?
- байна аа
- сайн уу? юу байна?
- өө тайван даа....
.......
.......
- өө нээрээ нөгөө манай О ах өнгөрчихөж гэнэ, урд шөнө...
- ээ тийм үү?
ингэж хэлээд би мэддэг мааниа уншив. хэзээ ч юм, хэнээс ч юм сурсан 3 мааниа 3 удаа амандаа дуржигнуулав. санаандгүй танилцсан ах хүүтэй ярьсаар байгаад цусан төрлийн биш ч нэлээн ойрхны садан төрлөө мэдэлцээд жил гаруй л болж байх шив. бид хоёрын садан төрлийн холбоог хэлхэж байсан хүн өнхөрөөд өгч.
маани дуржигнуулсан ч харамсаж халаглаж сүйд болсонгүй, харайж босож баярласангүй...шууд хэлэхэд юу ч гэж бодсонгүй. юу ч гэж бодохооргүй садан байв тэр хүн, миний хувьд.
үргэлжлүүлээд ойр зуурын сонин сайхан энээ тэрээ гэсээр тав гурван үг сольж хэдэн минут гар утсаа чихэндээ наалдуулан суув.
- за пока
- за...
гэсээр яриагаа дуусгав.
ээж сонссон болов уу...эгч бас мэдсэн болов уу...яаж хүлээж авсан бол энэ мэдээг...ээж уйлсан болов уу...эгчид ямар байсан бол гэхчлэн хоорондоо төстэй бодлууд ар араасаа хөврөв. талийгаач болсон тэр хүн ээжийн анхны нөхөр, эгчийн эцэг нь байсан болохоор тэр. ээжийн анхны хайр нь байсан байх.
хүний амьдралд юу эс тохиолдохов, залуухандаа тэр хүнтэй сууж, эгчийг гаргаад тун удалгүй салаа замын эрхээр салсан юм биз дээ, манай ээж. дагавар хүүхэдтэй гэж тээршаалгүй амьдралаа холбосон юм биз дээ, манай аав...эгчийнхээ эцэг, ээжийнхээ анхных байж магадгүй тэр хайрын эзнийг гэр бүлийн альбомд байх хар цагаан зурган дээрээс л харж, тэр л залуухан, хойш нь самнасан өтгөн хар халимагтай залуу чигээр нь ой ухаандаа хадсан юм биз дээ, би.
хүний мууд дурласандаа биш, яагаад ч юм зүгээр л тэр хүнийг талийгаач болсон гэж дуулаад ээжид юу гэж бодогдсон бол, уйлсан болов уу гэсэн бодол хэдэн өдөр намайг ороов. нас дээр гарч, тэр гуайн хүүгийн эхнэрийнх нь эгчийнх нь тэр нь бурхан болж гэж дуулаад бараг уйлан алддаг хүн чинь зүв зүгээр лав байгаагүй л байх. гэхдээ яг юу гэж бодогдсон бол, ямар бодол шингэсэн нулимс байсан бол...
хүн ойр дотныхоо хүнийг, тэр тусмаа дурлаж хайрлаж, нэгэн цагт дэр нэгтгэж байсан хүнээ нөгөө ертөнцөд одлоо гэдгийг дуулаад юу гээчийг бодож, нүдэндээ хэр зэрэг шорвог нулимс цийлэгнүүлдэг бол. ялангуяа амьдралынх нь сүүлийн өдрүүд байтугай амьдралынх нь талаас илүүд хамт байгаагүй бол ямар дурсамжаа сэргээн санах бол. хэр зэрэг харамсаж гуниглах бол...бас тэр нь хэр удаан үргэлжлэх бол.
оронд нь өөрийгөө тавиад бодож үзэв, сураагүй юм биш. дүрүүдээ хуваарилаад л, үйл явдлыг нь бяцхан найруулаад л, ургуулаад л, фантаазлаад л. . . уйлмаар болж ирж байна аа, яахын аргагүй. . .энэ ч мэдээж. гэхдээ харамсаж гуниглахаасаа илүү аймшигтай санагдав. аймшигтай ганцаардана гэдгээ мэдрэв. надад хайртай байсан, миний хайрлаж байсан хүн...нэгэнтээ бие биедээ соронзонгийн эсрэг туйл мэт татагдаж, түүнийхээ байгаа орон зайд хамт байж, цаг хугацааг хамтдаа тоолж, зүрхэнд нь байх өөрийнхөө суудлыг мөнхийн мэт санаж...хайрлуулж байгаагаа мэдрэхдээ хамгаас жаргалтай байсныгаа, тэрхүү жаргалыг бэлэглэгч нь одоо ингээд хумхийн тоос мэт замхраад алга болж байгаа гэж бодох тусам...ганцаардана гэдгээ мэдрэв. тоос болон одох түүний сэтгэлд эцсийн мөчийг хүртэл миний суудал байсан эсэх тухай бодохоос эмээнэ гэдгээ мэдрэв. гайгүй том нүдний минь аяганд дүүрч, тогтож дийлэхгүй болсон нулимс миний мэдлээс гарч, тэртээ доор өндөр өсгийтийн хоншоор дээр под под...уг нь тэвчээд ойр ойрхон гүнзгийхэн шиг амьсгаа авч, дөнгөж бариан дээр ирсэн морь шиг самсаагаа сарталзуулаад зогсож байсан чинь байдаггүй ээ...галт тэргэнд байгаа бусад улсыг юман чинээ ч бодсонгүй, энэ дураараа нулимс.
нулимс маань ч дураараа юм, аргагүй дээ эзэн нь зоргоороо юм. зоргоороо хүн зөвхөн өөрийгөө бодож, ганцхан өөрийгөө өрөвдөж, өөрөө ганцаардахаас айсандаа нулимсаа барьж дийлэхгүй байсан бол яахав? хайрлаж байсан хүнээ амьдралын сайн сайхнаас амсахгүй болчихно гэсэндээ биш, хар амиа бодсондоо харууслын нулимс унагаж байсан бол яахав?
яаая гэхэв, байгаа нь л энэ юм. энэ байгаа чигээр минь дурлаж хайрлаж байсан түүндээ талархаж л таараа, эцсийн мөчид...дандаа хайрлана гэж амалчихаад хэлсэндээ хүрээгүйд нь гомдсон сэтгэлээ уудламаар санагдаж л таараа, эцсийн мөчид...тэгээд намайг хайрлаж байсан болохоор нь түүнд хамгаас хайртай байсан гэдгээ дахин нэг хэлмээр санагдаж л таараа...тэгээд аз байгаад хажууд нь ойрхон байх завшаан олдвол гарыг нь атгаж, нүдийг нь харж, үсийг нь илмээр санагдаж л таараа ...бүр давраад хэзээ нэгэн цагт зөвхөн минийх байсан уруулынх нь илчийг мэдэрмээр санагдаж л таараа...би яг ингэж бодов.
сэтгэл хоосроод удаагүй ч юм шиг удсан ч юм шиг, түүнийгээ дүүргэх гээд ч байгаа юм шиг дүүргэхийг хүсэхгүй ч байгаа юм шиг, эсвэл зүгээр л дүүргэж чадахгүй байгаа өөртөө уур хүрэв. ийм ч юм бодож, туфлийнхээ хоншоорыг норгож байх ч гэж...гэж бодов.
гэвч...гэвч ингэж фантаазалж бодоод сэтгэл бага зэрэг онгойв. хайрлаж дурлахдаа амиа боддог хүний сэтгэл амархан ч юманд онгойх юм даа хөөрхий.