энд сийрүүлж тавихыг эзэн нь зөвшөөрсөн тул...
шүдээ суларсан байхыг мэдэрлээ. амаа ангайж суларсан шүдээ татав. хөнгөхөөн сугараад гараад ирж байна. ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. хормын төдий загатнах мэт, нэг тийм сонин мэдрэмж зурсхийв. дээд үүдэн шүдний баруун талын шүд. онгойж харласан нүхэнд нь ялимгүй цус шүүрнэ. гэхдээ учиргүй урссангүй. амаа ангайсаар. яг одоо нүхэнд нь хийвэл буйл нь буцаж эвлэж магадгүй. шүдээ барьсаар. доод талын шүднүүд дунд бас хоёр шүд суларчихаж. суларснаа надад харуулах гэсэн шиг үл мэдэг хазайсан үзэгдэнэ. харж байна аа, гэхдээ одоо авахгүй. түрүүний сугалснаа хааш нь хийснээ мэдсэнгүй. уг нь харъя гэж бодож байсансан. ямаршуухан шүд байсан юм бол. шүдээ олон дахин өнгөлж пааландахаар нимгэрдэг гэсэн, ер нь тэрнээс л боллоо. тэр эмч тэгж хэлсэн. онгойж харласан нүхийг хэлний үзүүрээр тэмтэрч үзмээр санагдав. үзлээ, тэмтэрлээ. нөжирсөн цус зөөлхөн. шорвогдуу амтагдана. тийм ч муухай санагдсангүй. үлдсэн хоёрыг яадаг юм билээ. сугалчихвал олон онгорхойтой болчихно. хүний өмнөөс яаж харах билээ. энэ нүхийг яаая даа. уруулаа жимийсхийгээд яривал, инээхдээ том ангайхгүй байвал мэдэгдэхгүй. дээд уруулаа жимийж байгаад инээж үзэв. харагдахтай үгүйтэй. болж л байна. энд шүд хийлгэвэл хэд байх бол. тэнд хийлгэсэн нь дээр юм болов уу. эрүүний ясыг өрөмдөж, төмөр резбатай шаазан шүд эргэдээд оруулчихдаг гэсэн байх аа. онгорхойг дахин тэмтрэв. хэлэнд таалагдаж эхлэв. зуршил болох шинжтэй. гэхдээ л самны шүд хугалахгүй бол... тэгж домнохгүй бол... сэрэнгүүтээ... хурдхан шиг... самны шүд хугалахгүй бол...
сүүлийн сар бараг зүүдлээгүй хэрнээ үүрээр ингэж тод зүүдлэв. сэрэнгүүтээ самны шүд хугалав. олон жилийн өмнө яг ингэж домнож билээ. ойрхон, хоёр удаа. тэр хооронд цонхны тавцан дээр таьсан жижигхэн толь өөрөө хагарсан. сэжиглээд хаясан. хэд хоногийн дараа найзуудтайгаа амралтанд явахаар тохирч, өглөө нэгнийдээ цуглан машин хүлээв. ирсэнгүй. хэн нэгэн нь танилаасаа гуйж өөр машинаар явахаар болов. хотоос гараад удалгүй машин эвдэрч, жавранд хайрагдсан бид хэд замын машинд дайгдан гэр өөдөө зүглэсэн. удалгүй аав минь бурхан болсон. миний нүдэн дээр. аавтайгаа би хоёулхнаа байсан. бүрэнхийд гаргадаггүй байсан хэрнээ дүүгийн найз нар ирэхэд “гарч тогло доо миний хүү” гэсэнсэн. хажуудаа байлгах хүнээ авч үлдсэн нь тэр байж. харсаар байтал амьсгалахаа байж, нүдний гал нь бөхөн, цээжнийх нь гүнээс сүүлийн хий гарч, хөл гар нь хөшиж эхэлсэн. байдаг чадлаараа цээжийг нь нүдээд ч, хиймэл амьсгал хийх гэж оролдоод ч, бахирч уйлан дуудаад ч ямар ч нэмэр болоогүй. болох ч учиргүй байсан биз дээ. хөрш айлын эмч эгчийг гуйж ямар ч билээ тариа хийлгэсэн. өнгөрөөд удаагүй ааваас минь биш өөрийгөө гээж самуурсан надаас жийрхэж байх шиг эмээнгүй харж байсан. түргэний эмчийг бас л гуйсан. тариа хийгээд өгөөч гэж. нэмэргүй дээ, өнгөрчихсөн байна, том хүн байвал бушуу дууд гэчихээд гарч одсон. үхэлд дассан, хүйтэн хуурай дуугаар. хэлснээ батлах мэт таталгаж сараачсан бичигтэй цаас орхисон санагдана. эцсийн найдлага, аавын багын найз эмч ахыг дуудахаар гүйсэн. зам харанхуй, нулимс бүрхээд бүр харагдахгүй. энд тэнд гишгэлэх хөл доор цас чяхарч, энгэр нь задгай атлаа даарч байгаагаа мэдрэхгүй. чимээгүй хүрлийж удаан суусан найзыг нь явуулчихаад гүйцэд хөрч амжаагүй мэт санагдах хөлийнх нь тавхайг нүцгэн элгэндээ наан баахан суусансан. бүлээцсэн хөлийн судсаар цус дахин гүйж, хаагдаж зогссон зүрхийг амилуулна гэж найдсан байх. тийм гайхамшиг болоогүй. дэн дун ухаанд минь хожим учрах хэн нэгэн нярайгаас аавыгаа хайхаар тэмдэг тавих санаа орж ирснийг зөнгөөрөө гүйцээж байхдаа ч зүүд байгаасай гэж залбирч байсан. хар дарсан зүүд шиг барин тавин өдрүүд тэгээд эхэлсэн. уйлж бахардаж ядраад харанхуй, хүйтэн өрөөний буланд сууж байхдаа бугуйгаа зүссэн. сахлын хутганы хурц ир арьсанд шигдэхэд тэсвэрлэшгүй хорсож, маш их өвдсөн...