цонхны цаана түнэр харанхуй. тэр харанхуйд нүдээ удаан бэлчээвэл нэг л мэдэхэд сорогдох мэт орж явчмаар. нуруун дээрх ачаагаа яг энд, яг энэ мөчид юу ч үлдээхгүй буулгаж орхиод, мөрөө гөвж, нуруугаа цэхлээд, өвдөг чанга, толгой өөд орж явчмаар. юу хүлээж байх нь хамаагүй. намайг ороосон одоогийн байдлаас дээр байж таарна.. дээр байгаасай.. дээр байхаас өөр аргагүй.. дээр байх болно.. дээр байлгана.. үүнээс илүү дордвол жинхэнэ там байх биз. тамд очиход арай эрт байна.
онгоцны далавчин дээрх улаан гэрэл нэгэн хэмнэлээр анивчиж, хөдөлгүүрийн дуу бүдэгхэн нүргэлж, өмнөх эгнээнд суусан хос хүзүү толгойгоо нийлүүлэн нялуурч, өөрөө би яагаад энд байгаагаа бодож сууна. бүхээгний таазнаас унжсан дэлгэцээр кино гарч байна. цаасан аягатай дарсаа өмнөх ширээн дээр тавиад замын нөхөр болдог хөгжмөө гаргав. унаган хайрын эзэнтэй дурлалын мансуурлыг эдлэхдээ ханьсуулдаг байсан дуу чихэнд уянгалахтай зэрэгцэн удаах хайрын эзэнтэй дэндүү төстэй эрийн төрх дэлгэц дүүрэн гарч ирэв. дуучин залуугийн хоолой нь аргадах учирлахын аль нь ч биш, уйтгартай. толгой сэгсрэн харуусч байгаа мэт. дэлгэцнээс ширтэх харц, уруулын хэлбэр, эрүүний өнцөг нь танил, дотно атлаа түүнийх биш, гунигтай. үзэгдэвч үл баригдах зэрэглээ мэт. хоёр өөр хүн, хоёр өөр орон зайд, хоёр өөр цаг хугацаанд нэг хүний сэтгэлд.. байсан. нэг дор, нэг мөчид, нэгэн зэрэг нэг хүний дурсамжид.. хоёр өөрөөр ирэв.
би энд агаарт, хэн хэнээс нь хол, хэн хэнийг нь бодож сууна. шаналантай. энэ чигээрээ буумааргүй санагдана. бүхнээс зугатаж харанхуйд шингэмээр.