|
|
8. 28 |
хэдэн ч цаг унтчихав. арван гурав.. арван тав.. арван зургаа.. арван долоо.. хувцас хунартайгаа нам явчиж. хөлд паравгар бакаал, хүзүүнд бүдүүн алтадмал гинж, хүрэн хавтгай цээжинд ногоон даалимбан дээл, харвин арвин голоор улаан саатай бүс, хөл гуяд цэнхэр дараапан шарваар. зүүдлээд ч байгаам шиг, үгүй ч юм шиг унтсаар хүзүү гоёодсон байдалтай сэрэв. ёоёо.. нак нук.
ядаргаа тайлах гэж биш ядартлаа унтчихсан нь магнай дээрээ мандуулсан зургаан зураасаар илрэх нь лайтай. яахаараа ингэж гараа тохойгоороо нугалж нүүрэн дээрээ тавьсан байнаа, ойлгомжгүй. тохойны доторх нугалаанд нэг тийм хошуу хоншоороо чихчихмээр тухтай зөөлхөн хэсэг мах бумбаралддагаас тэр байх. тийш балин хамраа чихэж аваад сэрэхийн өмнөх хэдэн цагийг авсан болтойм.
уг нь би элэглэж унтах дуртай. доош харж хэвтээд хөл гарыг их биеэс салган алдаж тэрийгээд амьсгаа авахад дэлхийн бөмбөрцөг тэр чигээрээ маний тэврэлтэд орохоос өөр замгүй болж, намайг бүүвэйлж эхэлдэг билээ.
этр гээд юу фэ, гальт уянгалуулан халихыг санаархав уу яав.
элэглэж хэвтээд, хамар амаа дэвсгэрт гүн шааж бүтэж үхчихгүйн тулд баруунчээ, зүүнчээ аль нэг тийш толгойг эргүүлж, хацрын хамгийн өндөр хэсгийн хавтгай талбайг дэвсгэртэй зүү гарах зайгүй шахан наалдуулах хэрэгтэй. гүн нойронд автах үедээ даравгар зузаан уруулын жимийлтийг суллан, амаа ангайх нь энэхүү унталтыг улам чимдэг бөлгөө. ингэж унтаж, ядарсан бөөрөнхий биеийг амраасаар олон зуун жилийг үджээ. аа тэр хацрын хамгийн өндөр хэсгийн тухайд бол, нарны шил зүүхэд хамрын хянган дээр биш хацрын бондгор дээр тогтдог тийм бүтэц бүхий монгол ардын хацар байх тусмаа дэвсгэрт гүн шигдэж, нойрыг гүн авахуулдаг шидтэй. гүн.. гэдэг үгийг анхаарна уу.
нэгэнтээ жаахан байхад Д.Маам гуайн "Газар шороо" роман дээрээс доош харж, амаа ангайн унтдаг хүний тухай хэсгийг эгч ч билүү, ээж ч билүү олж өгч надад уншуулан "дээрэлхэж" байсан нь санаанд тод. ".. яг манай хундага шүү тээ, ахахаха" гэж мэгцэн. хөөрхий аав минь "яахнав, миний муу хүүхэлийг" гээд үнссэнсэн.
хэзээ хойно, хөгшин хүүхэн болчихоод, аавын урласан давхар орны дээд давхрын өөрийн лавринд шүлсээ гоожуулаад дугжирч байхдаа хүртэл аавыг өрөөнд орж ирж, дух, хацар үнэрлээд, бас хөлийг ч орхилгүй үнсээд гарахыг хачин сэргэг мэдрээд үлддэгсэн. хэн нэгнээр учиргүй их хайрлуулж байгаагаа зүүд нойрон дундаа мэдрэх шиг жаргал гэж юу байхав. аавыгаа санажийна.
|
|