кондоом гэдэг нөхөртэй нэлээн дээр танилцсиймаа. зарим хүнд бол орой ч санагдаж магад.
9-р ангид байхдаа барааг нь харж билээ. барьж бол үзээгүй. газар хэвтэж байсым чинь, би.. биш.. кондоом. үүргээ биелүүлчихээд хашааны ёроолд хөсөр хаягдсан түүнийг бидний хэдэн охин гутлынхаа үзүүрт өлгөн, хавь орчмынх нь шороотой хаман бие бие рүүгээ өшигчиж, эгээ л фүтбоолын тамирчид шиг тэрүүхэндээ хөөцөлдөн, хүрэн форм, хар паарчигныхаа хормойг дэрвүүлж, “зөнөж үхэхжээж намбатай байхгүй, ингэхээр чинь ямар олигтой хөвгүүн тоохов” гэж анги даасан Гиитлэр багшдаа загнуулдгаа таг мартан гэдэгнэж годогонож байж анх танилцсан юм.
шороон дунд хэлбэр дүрс, өнгө зүс гэж авах юмгүй хэвтэж байсан түүнийг гаднах доторх талийгч болсон хэдэн саятай нь “агаарт нисгэн” гүйлдэж байхдаа түүгээр яг хэн нь, хаанаа, яадаг ийдэг, түүнийг байхгүй бол дараа нь хэн нь, ямар “зовлон” эдэлдэг, тэрээр ямар шат дамжлага дамжин энд хаягдаж, бидний хэдэн тэнэгийг олзуурхтал яагаад хэн ч “олж” аваагүй болох талаар бодох ч сөхөөгүй. яаж ч сөхөөтөхөв, “ёс суртахуунгүй”, “үзэл сурталгүй”.. энээ тэрээ гээд мэдвэл зохихыг мэдүүлэх насанд нь мэдүүлдэггүй цаг үе байсым чинь. осолдохгүй л “том хүний нууц”-тай холбоотой гэдгийг бүдэг бадаг гадарлаж байсан байх. тэгээд л ичингүйрэн балайрсандаа юу, эгдүүцэж сэжиглэсэндээ юу, үеийнхнээсээ хоцронгуй жол балчираа гайхуулан тэнэгтэж.. хоорондоо пааслан фүтбоолдож.. хөгийн юмнууд гүйлдэж байж дээ, зайлуул.
хоёр дах уулзалт ном ёсын дагуу хамаагүй дэвшилтэт, боловсон байдалд, зохих ёсны дагуу болсон боловч “гол үйл явдал”-даа түүнийг “урьж оролцуулах” үйл явц дэндүү албархуу санагдаж ингэн ингэн хийхээр.. ухааны гэнэн юм сэтгэж ангайж сууснаа бодохоор хайр хүрээд байдгын.
юутай цэвэр ариун, юутай гэнэн цайлган.
“гол үйл явдал”-ыг зөвхөн хайр дурлалдаа шатаж буй үнэнч хосуудад зориулагдаж, гараанаас авахуулаад бариа хүртлээ эроотиг киноон дээрх шиг төлөвлөөгүй гэнэтийн, огцом, аймаар шалзлам халуун, элдэв “албаны ёс”-гүй өрнөх нь жинхэнэ оригнааль эрос мэтээр төсөөлөн, түүндээ итгэж, түүнийгээ хэрэгжүүлэн аж төрөн амьдран суудаг байж. шалихгүйн байж бас сээгэсийн идеалтай пацаан.
зиа тэгээд он цаг урсан улирч, олон олон “гол үйл явдал”-ын найдвартай түншээр мань кондомыг өргөмжилж, хайртай залуу минь худалдаж авахдаа ичихээ байж, хайрцагнаас гаргахдаа сурамгай болж, хальсан уутыг нь тэгшхэн онгойлгож, хаймран нөхрийн чанарыг “шалгаж”, хэргийн дараа хогийн саванд далдхан хаядаг болсон доо.
анх танилцчихаад өшигчин харайлгаж явсныгаа бодвол бид хоёр тун чиг зузаарсан. нэг үгээр хэлэхийн бол, ийш тийш нь пааслан нисгэх биш идэвх чармайлттайгаар энхрий зөөлөн хандах хэрэгтэйг би ойлгож, бид улам гүнзгий танилцсан гэхүү дээ. нэлээн хэдэн үг болчив уу.
энэ хооронд миний сээгэс идеал хэв хэвээрээ, хув хуучнаараа, сээгси түүндээ тэмүүлсэн сэтгэл болоод сэрэл минь шоо шинээрээ, хав халуунаараа, хүв хүчтэй оршин тогтнож байв.
гэвч, хашааны ёроолд хөсөр хэвтэж байхад нь анх харсныг бодвол хамаагүй анги төрх байдалтай боловч өнцөг нь элэгдэж урагдсан шальчгар хайрцагтай, гаднах тоо нь доторх ширхэгээсээ хамаагүй олныг заасан, байх ёсгүй газар нуугдмар аядан бахархалтай нь аргагүй заларч байхыг нь олж хараад лантуудуулсан мэт мангайж хэсэг зогссонсон. пааниктсан хэрэг л дээ.
хайртаасаа хол байсан хэдэн зуун өдрүүдэд оригнааль эростоо үнэнч явсан надад дэндүү гэнэтийн, даанч хүнд туссан байж. шороо тоосонд хутгалдаагүй, шив шинэ ууттай хэрнээ гар, бие дамжиж гадаа хаягдсан нэгнээсээ ялгарах зүйлгүй, ичгүүр сонжуургүй, худалч хуурамч, заваан булай санагдаж үзэн ядсан. ингээд л бидний нөхөрлөл дуусгавар болсон доо, хөөрхий. пааникнаас гарахтай зэрэгцэн сээгэсийн идеал минь ор мөргүй нуран унаж таарна биз дээ. нуран унахдаа бутраасан очноос мөнөөх кондоомны өнцөг нь урагдсан хайрцганд гал авцуулж түүдэг өрдөн “хорсол гомдол”-ын тогоо зоож, тогоог “хар”-ын охийг “хууртагдсан сэтгэл”-ээр арвилан дүүргэж буцалган, экс-хайрт руу цацсанаар байцаан шийтгэх үйл ажиллагаа эхэлсэн нигууртай.
энэ үйл ажиллагаа цааш хэрхэн үргэлжилсэн хийгээд үр дүн нь ямар байсан тухай үл дурьдан, кондоомтой танилцсан түүхээ өндөрлье дөө.
эцэст нь хэлэхэд, хэдхэн өгүүлбэрийн өмнө буруу бичсэн байна шүү, “ингээд л бидний нөхөрлөл дуусгавар болсон доо, хөөрхий” гэж. юу гэж тийм юм байхав, амны билэггүй байж болохгүй. дуусгавар болсон нь “насанд хүрч” амжаагүй явсан миний сээгэс идеалын хувьд л бөгөөд ерөнхийдөө бол кондоом бид хоёрын нөхөрлөл өөр шинэ түвшинд шилжсэн хэрэг. ахисан эсбөгөөс арагшилсан эсэхийг хэлж мэдэхгүй нь харамсалтай.