чи зогсож байна, гүүрний өмнө, эрэг дээр. тэр дор гол урсана. заавал гүүр гэхгүйгээр туучаад гарч болмоор мэт. гэвч нэлээн гүнзгий.. харагдана. урсгал нь ширүүн биш, бас дөлгөөн биш. урт шигүү ургасан өвсөн хөшигтэй эрэг... тэр эргийн ойрхон ёроолгүй ногоорсон цүнхээл харагдана. чи гүүрний өмнө зогсож байна. гүүрээр гарч голын цаад эрэгт хүрэх ёстой. тэнд хааш хөтлөх нь үл мэдэгдэх зам зурайна. гүүр, гол, зам... чамайг хүлээж байна. харин чиний хөл хөдлөхгүй, урагш ганц ч алхахгүй, хадуулсан мэт. тархинаас тушаал өгнө... яв... гүүрээр гатла... цааш бэдэр. хөл үл хөдлөнө. биеийн бусад хэсэг ч мөн адил. гар гүүрний хашлага руу сарваймаар байвч үл сунана. нүд гүүрний цаад зүг хараа үл бэлчээнэ. энд хэчнээн ч удаан зогсов. энэ хооронд хэчнээн ч их ус урсан талийв... явган суулаа. сул унжуулсан гарын үзүүрт чулуу баригдав. цүнхээл рүү шидэв. олон давхар тойрог үүсгэсээр ногоорсон гүн ёроол руу живж одов. дахиад шидэв. чи завгүй байна, чулуу шидээд. шидэх чулуугаа хайгаад. гэхдээ энэ нь хэнд ч хэрэггүй, гүүрээр гарах ёстой ч хөдөлж өгөхгүй байгаа өөрийгөө хуурч байгаагаас хэтрэхгүй. чи үүнийгээ сайн мэднэ. гэхдээ үл мэдсэн дүр эсгэнэ. бие махбодь чинь энэхэн зуур оюун санаагаа саатааруулахаар оролдоно. чулуу түүнэ. эсвэл, оюун санаа чинь бие махбодио өөрт нь захирагдахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүйг хичээн өөрийгөө төөрүүлнэ. чулуу хайна. энэ хоёр чамайг үл бүрдүүлж, үл цогцлооно. аль аль нь хүлээн зөвшөөрвөл энэ эрэг нурна. дуу чимээгүй, зөөлөн нурах эргийн шороог хөлөглөн ёроолгүй ногоон цүнхээл рүү аажим явж одно. торгоогдож дийлээгүй сэтгэл хэдийнээ тийш одсон болохыг аль аль нь мэднэ. гүүрээр гарах хэрэгтэй. ядаж гүүр рүү дөхөх хэрэгтэй. гэхдээ болохгүй байна. чадахгүй байна. бие чинь хөдлөхгүй байна. энгэртээ хийсэн эрдэнээ харна. энэ эрдэнэ, зурайх замаар цааш ахиж, улам гялалзах учиртай. оюун санаандаа захирагдаж бие махбодь чинь гүүрээр гарахгүй бол хэдийнээ живж далд орсон сэтгэлийн араас чамтай хамт цүнхээлд шингэнэ. золиослоход дэндүү үнэтэй эрдэнэ. алдвал ахиж үл заяана. золиосолж болох чулуунууд. атга атгаар шидэлсэн ч үл хорно. харахад чи тайван, итгэлтэй, бардам, хүчтэй, эрчтэй, дутуу зүйлгүй. харин чи дотроо зөрчилтэй, шаналантай, сул дорой, тамиргүй, хатгүй, хов хоосон. энэ ялгааны учир чи амсхийлгүй өөртэйгөө тэмцэнэ. тэмцэл хэнд ч үл үзэгдэнэ. тэмцэл хэнд ч үл мэдрэгдэнэ. тэмцлээс үр дүн үл гарна. энэ үр дүн үл гарах тэмцэл, энэ бүх үл бүрдэж, үл цогцлох нь ямар хүнд, ямар тэсвэрлэшгүй, ямар залхмаар, ямххан амьдралаа өгчихмөөр. чиний дотор цаг хугацаа зогссон атал чи цүнхээлд тусах дүрсээс өчигдрийн би-гээ үл олно.
хүч чадал хайрлаач.