нэг юм санаанд орчлоо, энэ дууг сонсоод. нэг биш юм аа... нэлээн хэсэг хугацааны дурсамж.
надад бас идэр нас байсымшд. дандаа ч ийм чавганц явсым биш, зарим нэг хүний хэлснээр...ниламсаа дээлийнхээ хормойгоор арчив...
хэдэн он байсым, хуучин цагт л юмдаг, гэрээсээ хол, цөлөгдчихсөн байсан үе. танил хөгшний урьснаар том хотод шинэ жил өнгөрүүлчихээд, аятайхан аашилж, айлын хоол буудаж байж хэмнэсэн хэдэн эн-ээрээ сони-гийн хамгийн сүүлийн үеийн хуурцаг тоглуулдаг воокман авчихаад яг энэ дууг сонсон чимдаанаа чирэн цас пучигнуулсаар өөрийн оромжид ирэв ээ. зуухаа галлаж, оромжоо пүнггхийлгэчихээд айлын эхнэр рүү утас цохив ... сайн явж ирлээ, сайхан зочилсонд баярлалаа, дараа дахин очноо..
өөрийн охиноос ялгаагүй байлгасан хоёр хөгшинд тэгэхэд би худлаа ярьж ярьчихаад ирсэн юм. хэдэн жилийн дараа уучлал гуйсан л даа. намайг ойлгосон байх. худал ярих үед надад сайхан байсан тул би огтхон ч түгдрэлгүй урсгаж, өөрийн зохиосон түүхэндээ өөрөө итгэн хөөрч, тэрхэн хормуудад хачин жаргалтай байж билээ...том эгч болох нэг болзлыг хангахаар хэрэг болгон худалдаж авсан хайрцаг тамхи ширээн дээр хэвтэнэ.. түүний цаана тавиур дээр аавын минь зураг.. зориулж авсан мармеладаа гаргаж өмнө нь тавив.. аав минь дуртай байсым... том хотод газарчилж явсан айлын эхнэрт "аавдаа явуулах гэсийм" гэсээр хайж байж авсан эд. бурхны орон руу илгээмж явуулах арга байх биш, зурагных нь өмнө л тавив. хоёр хөгшинтэй анх танилцахдаа хэлж чадалгүй, тэр чигээр нь зүтгүүлсээр байгаад ирсэн минь энэ. хэлж чадахгүй гэж... сонин шүү, хэлчихээр өнгөрөөд удаагүй байгаа аав минь хэзээ ч намайг гийгүүлж хамт байгаагүй мэтээр бүр "өнгөрчих" юм шиг, хэлэхгүй бол тэрхэн зуурт хамт байх юм шиг санагдсан хэрэг. өөрийнхөө одоогийн байгаа бодит байдлаас зугатнаа гэж..утгагүй хоосон атлаа тэр утгагүй хоосон үйлдэлд нь утга учир оршиж байгаа ч юм шиг.. ядарсан, ганцаардсан, цөхөрсөн сул дорой амьтны л хийдэг үйл+дэл юм даа. сэтгэл судлалд үүнийг юу ч гэдэг билээ дээ... осолдохгүй нэг тодорхойлолт бий шүү.
энэ үеийн дурсамж надад одоо ч тод. хайрцаг тамхиа татаж дуусгасан. нэг оройн дотор татаж дуусгалуу яалаа. толинд заримдаа харна. аль хуруундаа яаж хавчуулаад, уруулынхаа аль хэсгээр яасхийж зуугаад, тамхийг хэр зэрэг доош унжуулж, эсвэл дээш өлийлгөж, эсвэл утаагаа үлээхдээ нүдээ хэрхэн сүүмийлгээд...гэх мэтээр ханиалган ханиалган, нүдэндээ нулимс цийлэгнүүлэн цийлэгнүүлэн дасгал сургууль хийсээр дуусгасан байх. цагираглаж үлээж сурах гэж үзээд учрыг нь ололгүй л хайрцаг тамхиа барсан юмдаг. тамхи сайхан санагдаагүй.
дээр нь цас хунгарласан шуудангийн төмөр хайрцагт хөх, улаан өнгө алагласан хүрээтэй, өнгө муутайхан шаргал дугтуйтай захиа байхыг харах хамгийн сайхан. монголоос ирсэн захиа. хэв муутай салангид үсгээр нэрийг минь бичсэн байхыг харвал бүр ч баяртай. ийм захиа гуравханыг авч билээ, хэдэн зуу хоноход. сүүлийн захиа нь 12 мөнгөний тууш шугамтай дэвтрийн голын хуудсан дээр. мэнд мэдээд... тэгээд л дүүрэн "хайртай".."хайртай" гэчихсэн байж билээ, анхны хайрын эзний хэв муутайхан үсгээр. энэ 3 захиа, Улаанбаатарт, харанхуй өрөөний маань хаа нэгтээ байх жижигхэн улаан чимдаан дотор байгаа байх гэж найдна... нэг гаргаж уншмаар. гэхдээ уншихгүй ээ. сүүлийн үед доголдож айлгаад байгаа хуучин хүрэн зүрхээ базлуулахын нэмэр. гэхдээ энэ үгний эзэн л олон хүнд, олон жилийн туршид, итгэхийг хүсээгүй уй гашуунаас зугатаж худал хэлэхээс аварсан сан даа. харин энэ авралын эзэнд болон өөр бусдад ихэд гомдох болгондоо олон жилийн өмнөх уйг дахин дахин сөхөж, "аав аа..." хэмээн бархирмаар болдог байсан нь өмөөрүүлж, эрхлэх гэж арга ядсаных байсан биз дээ, хөөрхий зайлуул... ойлгомжгүй элэк дулак амьтан.
ийм юмс санаанд оров.