шалдар булдар... шалдар булдар..
・ үс маань нэлээн ургаад, хойноо бөөгнүүлэхээр ишигний сүүлэрхүү юм үүсгээд сөрдийгөөд байхаар болсон. энэ чигээр ургуулсаар хондлойгоо давуулан, өвдөгний арын хонхорхой хүргэнгээ тэр чигээр зүтгүүлсээр шагай шүргэдэг болгоод үзүүрээр нь бакаалныхаа өлмий, өсгийг арчдаг болчихвол гутлын тосонд ч нэмэртэйм, бамбайж бомбойсон нурууг дагуулж урт харавтар гэзэг унжуулбал өндөрдүү, нарийвтар, цагаандуу харагдаад гуа сайханд ч хэрэгтэйм даа. гэх мэтээр би ер нь сүүлийн үед ахуй амьдралд ач тустай элдэв шинэ санаагаар мөлчгөрхөн тархиа дүүргэж суудаг болсон маань дэлхийг нөмрөөд байгаа санхүүгийн хямралтай огтхон ч хамаагүй бөгөөд бага балчраасаа туйлын арвич хямгач байж, социалист өмчийн эд эс ширхэг бүрийг хайрлах сэтгэлээр хүмүүжсэнээс үүсэлтэй. хамгийн наад захын жишээ дурьдваас, цаг хэцүүдвэл хүнсний хомсдол нүүрлэж магад гэж тооцон өнөөгийн түвшинд цааш хийж, хуримтлуулж болох бүхий л боломжийг ашиглан тарга тэвээрэг, өөх тос, цэлльюлиитийг байж болох бүхий л хэлбэрээр өөрийн биед нөөн хурааж байгаа билээ. хэзээ нэгэн цагт хэрэг болж л таараа. дэлхийн гурав, дөрөв, тавдугаар дайн байлдааны үеэр ч юм уу. тийм биддэ. гэхдээ юу ч гэсэн түй түй түй гэчихье дээ.
・ дайн байлдааны тухай саяхан нэг эрхэм асуужийшү. хүмс яагаад байлдаад байдгийн бэ? гэж. үгэнд нь орохгүй, санаагаар нь байхгүй болохоор байлддымаа л гэлээ. хүмсийн хооронд ч гэсэн харилцаа гэдэг нэрийн дор ихэнхдээ байлдаан, мөргөлдөөн, тулаан болохым даа. хэр зэрэг гавал байлдаанч вэ гэдгээс биш хэнтэй байлдахаас л ялалтын эзэн болох үгүй шийдэгдэх нь элбэг юмсанж. маний хувьд голдуу буруу талтай мөргөлдөж, тэгэхдээ аль ч талтай иввв ижил аргаар үзээд ихэнхдээ ялагдал хүлээдэг болохоо саяхан мэдсэн. стратегийн хувьд новвв нойл гэсэн үг. хэт оройтож мэдэв. оргүйгээс оройтсон ч гэсэн нэг цочрол авсым болохоор бас ч гэж эргэж харж энэ тэр тохиолдолд хэрхэн буруутсанаа дүгнэж, гэмшиж сууснаа төдөлгүй л миний ялалт байсан мэт санагдаад тогтож сууж чадахгүй болохым. гэхдээ тэр ялсан мэт хөөрөл төдөлгүй нам дарагдана л даа, учир юу гэвээс сүүлийн үед, маний байлдааны арга тээхнэгийн явуургүй дорой байдал, ухрах, давших, бүгэх, цохилт өгөх гэх мэтэд тактикийн алдаа байнга гаргадаг зэрэг тухай нэлээн олон талаас ширүүн шүүмжлэл хүлээж аваад байгаа. гээд яалтай билээ, байлдаж дайтахаа таталтай биш, гэнэт боловсрон сайжирч дийлэх биш, дэмий л хуучирч хоцрогдсон сэлэм, жад, хавчаахай, нагаан буу (бас ч гэж цэрэг зэвсгийн нөөцтэййййй.. үэхэхэ) сэлтээ гунигтайхан ширтэх юм даа.
・ маний нүдийг гунигтай байна гэж анх тэрийг хэлэхэд гайхсандаа нүдээ тэмтэрч үзэх гэжийж сохлонгоо алдаж билээ, хэдэн жилийн өмнө. түүнээс хожимхон бас нэг хүн иймэрхүү зүйл хэлээд, толгой холбосон байсныг олж уншихдаа ч нүдээ тэмтэрсээр л. харин саяхан цайрдмал шилэнд туссан өөрийн дүрснээс тэр гэхийн тэмдэггүй зэврүү саарал гуниг цэлэлзүүлсэн хоёр цийлэн олж хараад эгээтэй л эзнийх нь нэрийг асуучихсангүй. эзэн нь ч хэдийнээ өөрийн нэрийг мартаа биз дээ. сүүлийн хэдэн жилд даруулсан цөөн хэдэн зургаа сөхөж үзэв ээ. нэгэн үеэс хойш л нүдний гал хаа нэг тийш тэнэж одоод, тэнэмэл галыг олохоор харц хязгааргүйн цаад руу ширтдэг болчихож. бие махбод энд ч ухаан санаа энд тэнд, дэгэн догон болсных биз ээ. галгүй, галын араас хязгааргүйд бэлчсэн харцтай нүдийг гоёхоор элдэв өнгө сонговч зүс засах нь үгүй. бусдын өмнө инээж, ихэрхэж байх үеийн нүд хиймэл гэж жигтэй.
・ хиймэл гэснээс, гарын алганд хиймэл арьс гэхиймү, хальс гэхиймү, нэг тийм зүйлийг наачихдаг, тэр нь өөрийн арьснаас ялгарахгүй шахам нимгэн бөгөөд хүрэлцэх мэдрэмжинд саад хийдэггүй, өглөөд нааж гараад л өдөрт хэд хэдийг хуулаад хаячихдаг бол сайхан аа. хүсвэл гараа тэр хальстай чигээр нь угааж арчаад хуулж солихгүй явж болох бөгөөд ингэх нь хэмнэлттэй. харин байн байн угаах боломжгүй бол өдөртөө хэд хэд хуулаад хаячихдаг, тэр бүрт бүлээн усанд булхан, савандан угааж, хуурай болтол арчсан мэт болдог бол үгүй мөн таатай яа. цалингийн төлөө хийдэг цагийн ажлын газарт өдөрт орж гарахад бариултай нь зууралдах болдог 4-5 хаалга бий. тэр бариулнуудаас атгах тутам төрдөг тосорхог, эсвэл чийгтэй, нялбагар заваан мэдрэмжээс зугатмаар. заримдаа зөөлөн цаасаар, заримдаа хувцасны хормой, ханцуйгаар жийрэглэдэг ч гараа угаахаас нааш санаа амрахгүй. угаавч өрөөнд буцахын тулд ахиад л нөгөөх бариултай тулах хэрэг гарна. маний энэ синдромыг мэргэжлийн хэлэнд guar ogallt in syndrom гэх бөгөөд шат, хаалганы бариул, богооны зүүгддэг бариул, олны хэрэглэдэг ширээ сандал, дуртай биш хүний эдэлж хэрэглэдэг зүйлс гэх мэтэд хүрэх болон хүрсний дараа хөдөлдөг эд байгаам. өөрт их төвөгтэй. гараа байнга угаамаар эсвэл нойтон хуурай ямарваа салфеткаар арчмаар болно. гэхдээ үнэхээр тийм ариун цэвэрсэг үү гэвэл огт тийм биш. газар унагасан чихрийг 3 секундын фүү фүү фүү онолын хүрээнд шүүрэн авч идэхдээ, тааламжтай нэгэнтэй нэг аяга, таваг, халбага, сэрээ, савхнаас идэх, уух зүйлсийг хуваалцахдаа машид баяртай байдаг. атлаа, маний гар утсаар хэн нэгэн ярьчихаад аманд болон чихэнд наадаг аль аль хэсгийг нь арчихгүй буцаавал сэжиг хүрнэ гэж жигтэйхэн. өөрөө ч аль болох арчиж цэвэрлэсний дараа, ядаж л ханцуй хормойндоо шударсны дараа буцааж өгч байх чин хүсэлтэй. тэгэхгүй бол гар хурууны хээ аваад энд тэндхийн тагнуулын байгууллагад зарвал яанам билээ. тийм биддэ? тийм учраас л алгандаа, хуруундаа хиймэл арьс-хальс наая гээд байгаамшдэ.
・ наах боломж одоогоор олдоогүй байгаа болохоор хувийн биш хувьсгалын тэргээр гэрийн зүг гэлдрэхийн өмнө нян устгаж ариутгадаг, спиртийн найрлагатай нойтон салфеткаар үрүүл, араа, дохионы гар, бариул, зүг заагчийн товчнууд зэрэг нөгөө ээлжинд унадаг япон авгайн хүрдэг бүхнийг арчиж суугаад мөнөөх авгайд харагдчихсан паянтай хөөн, би чинь. гээд яахав дээ, тэр авгай өөрөө хуйхаа маажиж хуруугаа үнэрлэдэггүй, өдөр бүр үс толгойгоо сансиилкээр угааж сайхан намирсан зөөлөн явдаг байсан бол тэгэхгүй шүү дээ. гомдлын мөрөөр ажилласны дүнд, дээр дурьдсан айхтар салфеткийг нян устгадаггүй, спиртийн найрлагагүй зүгээр л нойтон салфеткаар зэрэглэл бууруулж солих арга хэмжээ авсан билээ.
нэг иймэрхүү