энэ улсад намар дундаа орох гээд тэнгэр хангай нь дүлэгнээд л байна. өглөө оройд сэрүүсээд л, өдөртөө огцом халаад л, заримдаа хэдэн дусал бороо хаяад л, зэврүүхэн орой салхилж үзээд л.
хавар ягаахан дэлбэнтэй сакүрагаар харц зөөллөн хэд хоносон модод шаргал өнгөтэй навчсаар шивэрч эхэлжээ. гялалзсан ногоон байснаа жин хөнгөрч шарлан, зүс хувилгасан навчсын араас төрөх гуниг, дэлгэрч дуусаад хөлөөр нэг навсайж байсан ягаан дэлбэнг хараад төрснийг бодвол хамаагүй хөнгөн байх нь гоё сайхан байгаад муухай болох, гайгүй боломжийн байгаад муухай болохын ялгаа маний цийлэнд хэрхэн тусаж, мөлгөрхөн тархинд минь хэрхэн бууснаас болдог байх. эсвэл зүгээр л, намар намраас зөвхөн сайхан дурсамж надад тод үлдсэн байдаг болоод тэр байх. анхны болзоо, анхны хайрын эзэнтэй авахуулсан анхны гэрэл зураг, хэдэн жилийн хойно түүнтэйгээ хөтлөлцөн бага тойргийн навчисан хивстэй гудамжаар алхсан намуун шижир орой, бидний өмнөөс бидний хооронд үг дамжуулан хөл дор шажигнах мөнөөх навчисан хивсний ширхэгүүд, халаас хоосон ч хайр, мөрөөдлөөр дүүрэн байсан солонгон өнгөт өдрүүд. нар холдсон намар атлаа налгар тэр өдрүүд солонгороод л байдагсан. намар бас
тун сайхан үнэртэй.
нэгэн жаал бүсгүйн блог хаягийг сүрдүүлж, шантаажилж байж олж аваад тийм ч олон биш бичлэгийг нь нэг амьсгаагаар уншив. залуухан бүсгүйн, эгэл өдрүүдийн, эрээвэр хураавар тэмдэглэл. өөрт тохиолдсон жирийн явдлууд, өдөр тутмыг зөв буруу, дүрэмтэй дүрэмгүй, салан палан, эмх замбараагүй, оршил, өрнөл, тайлалгүй бичсэн байх нь сонин. хүний дотор руу хагас өнгийх яагаад ийм сонирхолтой байдаг юм бол. болсон болоогүй эх орон морон, улс төр мөр, эдийн засаг масаг, дэлхий ертөнц, орчлон хорвоо, болсон болоогүй гэгээлж гоёж, шүтэж биширсэн хайр майр, амьдрал мамьдралыг нэг их чухлаар худал үнэн номлож, хуулж, бусдыг дуурайн сэнтэглэсэн, хэнхэглэсэн, агуурсан, зааж сургасан бичлэг, тэмдэглэл уншихаас тохой илүү. хувь хүнийхээ хувьд өөрийнхөө хэн болохыг таньж гүйцээгүй, хэн болгохоо төсөөлж ядаагүй хэвтэж том том ярих нь өчүүхэн манийн хувьд хүчиршгүй зүйл бөгөөд эх орныг хөгжүүлж, эх дэлхийг хамгаалах туйлын зорилго өвөртлөн энэ бөмбөрцөгт ийм дүрстэй ирээгүй минь л үнэн юмдаг... гэж боддог. хүний үйл ажиллагаа гэдэг бол... гээл цааш нь донгосох гэснээ өнөөдөр энд бороотой байгаа тул түр завсарлав. дашрамдахад, би эх орончдод байнга хүндэтгэлтэй ханддаг билээ, учир юунд гэвээс тэд маний чадахгүйг чаддаг билээ үэхэхэ.
бороотой өдөр будаатай цайнд хэдэн борц, эсвэл хонины хавирга, болохгүй бол нимгэн зорсон үхрийн мах үйчихээд дух, нуруундаа хөлс бурзайлгасан шиг бувгануулан балгаж, буурал ооч сахлаа гялтгануулан суухад үнэхээр “үүрдийн жаргал” мэт санагддаг шүү, тийм ээ. аа гэхдээ, цай нь аагьтай, өтгөн, шорвог биш, сүү хэт их биш байвал.. ай мөн янзтай даа. хүйтэн жиндүү орой хөөрхий жижигхэн өрөөндөө хүн гээч болоод бомбойж суухдаа хаа нэгхэн аавынхаа үстэй дээлийг хачин их санана. улаан хүрэн одончуугаар гадарлаж, гуулин товчоор чимэг хийсэн, хар эмжээртэй дээл. тэр ер нь ямар гээч дулаахан, ээлтэй, нөөлөгтэй, бас сайхан үнэртэй дээл байсан юмб дээ. өвлийн богинохон үдийн төгсгөлд даалгавраа дуусгаж, ойр зуур гэр орны ажил хиймэр болоод, аавын үстэй дээлэнд шургаж, оройн хоол болтол дугжирсан өдөр хэчнээн олон, хэчнээн дулаахан, хэчнээн жаргалтай.
жаргалтай гэхээр, эндхийн дэндүү жиндүү өвлийн өдрүүдийг хамтдаа давдаг эсгий шаахайгаа хавирган сар мэт майга хөлийнхөө хатуу эвэртэй сарвуунд углах мөчийг бас заавал дурьдмаар. уржнан цэнхэр, өнгөрдөгт улаан өнгөт эсгий шаахайгаар дулаалсан, гоён дулаалсан, дулаалан гоёсон бөгөөд энэ жил надад өөр өнгийн шаахай ирэх эсэх нь тодорхойгүй тул хуучин хоёроо нийлүүлж саваадаад шинэ өнгийн эсгий гаргаж, шаахай хийх санаа төрсөн нь дөнгөж саяхан, үүнийг бичиж байхад. хоёрын хоёр шаахай нийлүүлэхээр нэлээн эсгий гарах нь мэдээж, тэгэхээр өвдөг хүрсэн түрийтэй шаахай хийх нь байна шдэ... ч гэж дээ, эсгий гутал л гэсэн үгийм. харамсалтай нь одоогоор саваадах саваа байхгүй тул ирэх хавар хулс суулгаад, түүнийг томрохоор тайрч авч хулсан саваа хийгээд ирэх намар хоёр шаахайгаа тарааж, саваадаж холиод, норгож хэвэнд оруулаад... ёоохх бүр ядарчихлаа. бодисын солилцоог сайжруулж, бомбогор биеэр гүйх цусны эргэлтийг түргэсгэж, захын эрхтэнд заавал хүрэлцэх ёстой цусан хангамжийг сайжруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх нь зүйтэййййй... цагаан гаатай цай ууж эхэлнээ, яадын.
нэг иймэрхүү...