нөгөө “нээлтийг” хийснээс хойш сэтгэл үнэхээр хөнгөрөөд ч явчих шиг санагдах нь өдрийн хэдэн зуун удаа сэтгэл санаа сандаачин, дур мэдэн орж ирдэг түүний тухай бодлуудыг таслан зогсооход шаардагдах энерги болон нүдний дотор талд байх шингэн ялгаруулдаг жижигхэн сүвийн чийгших тоо эрс багассанаар батлагдаж байгаа.
яг юу “олж нээснээ” бичлэг болгож оруулах гэснээ энэ дашрамд “нээлтэд” хүрсэн явц, замналыг задлан шинжилж, дүгнэж, үнэлэлт өгч, базаж нэгтгэн бичвээс маний бичил тархинаас цацах долгионы хэмжээ болон хэлбэлзлийг цаашид залуурдахад ач тустайгаар зогсохгүй маргаашнаас дурлаж хайрлан магад дуусашгүй зовлон жаргалыг махийтал туулах залуу нөхдөд хэрэг болуужин гэж бодсон бөлгөө.
... гэж мэгэх ч яамай, мэдээж хэнд ч хэрэг болохгүй.
угаас иймэрхүү зүйлийг хүн дүрстнүүд бичиг үсэгт тайлагдсанаасаа хойш бишгүй л бичиж тэмдэглэж үлдээснийг бид уншаад л, уяраад л, улиг болгодог атлаа өөрийн биеэр туулж, муужруулах цохилт авчихаад буцаж сэргэн босч, эргэн тойрноо харж хэсэг суугаад арайчүү амьсгаа цэгцэрч хөл дээрээ зогсож тэнцвэрээ олон, ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх дараагийн цохилтыг горидох горидохгүйгээс үл хамааран хар зөнгөөрөө өрөлт аван зогсохдоо аманд нялбаганах улаан нөжөөс анх удаа төмөр гэдэг эдийн амтыг жинхэнээр мэддэг болох бөгөөд тэр амт, цэврүү мэт балчир байхдаа, цусанд багадсан төмрийг нэмэгдүүлэхээр хадаас зоож хонуулсан алиманд харлан үлдсэн ормоос амталснаас огт өөр байдаг юм билээ..
гэсээр эцсийн эцэст энэ тэмдэглэлийг дуусгалгүй, нээлтийн дүнг одоохондоо “нээлгүй” түр орхиод зүгээр л дашрамдахад, хөг орж эхлэв үү гэтэл хөг орсон ч юм шиг байсан хөгжмийн зарим жижиг зэмсэг буруу хөг орсон, эсвэл таг болж хоцорсон байснаа зүгээр л дуугардаг болсон, үгүй ээ, чихардаг болсноос хэтрээгүйг хөглөгчийн тусламжтайгаар олж илрүүлсэн би мундаг чүмчик, маанаг чүмчик... юу хүсээд байгаагаа ойлгох юм алга, хөг оруулмаар байсымү, дуу гаргадаг болгомоор байсымү, эсвэл зүгээр л зэмсэгтэй гэдгээ мэдмээр байсымү... уг нь хөгшлөө л гэж санасым.