би тээ...бас нэггг тун аятттайхн киино үзчилллээ, уучлллаарай тээ.. ннгггг.. ерөннь тээ...нггннггг.г.г... киино гэдэг чэнн байшдэ...тээ..би нээх уугаагүйэ зьа... халаачгү бэань.. тэхх...нннггг.гг.. би тьээ... эрррүүл байшү ай... ннгггг.г.г.г..
зассс мөрөөджийшдэ, болнэздэ. хамгийн сүүлд тэр муухай ахир? ахри? аирх? юу гэлээ, би нэрийг нь ч цээжилж амжсангүй, нэг тиймэрхүү нэртэй муухай гашуун амттай шингэнийг “муу” хүмсийн хүчинд автан ам руугаа цутгуулан барин асгаж цалгиан балгаж балраад, бас тэдний шахалтаар айлын авгай хүүхний ам хамрыг озсон, алтан хавчаарт гэзгийг нь задалж сэгсэлзүүлсэн, алтан хавчаарыг нь зажилж иднэ гэж сагсаганасан гэх мэт эрүүгийн онц ноцтой, олон улсын чанартай, оньсого мэт гэмт хэрэг тарьж зовсноос хойш олон хоноогүй байшдэ энэ чэнн. тэр риах? рахи? гэл үү дээ, тэр чэнн исссстоо муухай эд байдын билээ. амьдралдаа тийм муухай эд анх удаа л ууж үзлээ, пүй пай, түй түй түй, цааш тонил. одоо цайгаа л уусаар үхнэ дээ.. гэж бодоод амгалан тайван амьдран суужийна даа.
аа мөн, ихэд гэмшиж, хүмүүжин сайжрах арга зам хайж үзээд цаашид айлын авгайг биш нөхрийг нь барьж авч уруул амыг нь тамлахаас өөр мэргэн санаа олдоогүй нь би айлын хүүхдийн бол хацрыг, нялх үрийн бол хөлийн хуруу, гарыг нь үнэрлэхийг илүүд үздэгтэй минь холбоотой.
за тэр мөрөөдөл яахав, нэг аятайхан кино үзсэн нь бол үнэн юм аа. танилцуулахыг зөвшөөрнө үү.
нэр: карамэл /caramel/ (2007, Ливан), найруулагч: Надиин Лабаки /Nadine Labaki/ (эмэгтэй, 35 настай), гол дүрд: Надиин Лабаки
... хийн зуух асааж, хайруулын тавганд элсэн чихэр, бас жаахан усыг хайш яйшхан хийгээд жигд хайлуулан хутгасаар өтгөрүүлж, түүнийгээ хавтан дээр түрхэн жаахан хөргөөд, сунгаж, татаж.. тэгээд хуруундаа ороож.. хэсэгхэнийг хазаж амтлах бүсгүйг харвал үс хар, нүд том, хамар тэгш бөгөөд цэвэрхэн, уруул хэлбэр гоёмсог.
тэр карамэл хийжээ...
энэ шингэлсэн чихрийг Ойрх Дорнодын зарим орны бүсгүйчүүд илүү дутуу үс ноосоо хуулж ангижруулахад хэрэглэдэг бололтой. халуун карамэлийг хөрж хатуурахаас нь өмнө үс, ноостой газраа түрхэж нялаад шаррххх, шарррхххийлгэнгүүт л цэмцийгээд ирэх болтойм.
ийм хэд хэдэн цэмцийлгэлтээр зангидсан үйл явдлын ихэнх нь Бэйрут хотын хаа нэгтээ байх жижигхэн, тарчигдуухан гоо сайхны газар өрнөнө. энэ газрын эзэн мөнөөх сайхан бүсгүй, хамтран ажиллагч бүсгүйчүүд, тэдний үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн өдөр тутам, тэр өдөр тутамд гарах их, бага өөрчлөлтийг энгийн, цомхон, маяг донж бүрдмэл, илүү дутуу уянга, халил, инээд, нулимс, тайлбар танилцуулгагүй, нуршилгүй хэрнээ дундаас нь хаямгүй сонирхолтой өгүүлсэн нь гайхам.
кинонд автаад эхлэхээр, тэр болгон сонсоод байдаггүй энэ нутгийнхний дуу хуур ч өөриймсөг санагдаад ирнэ гэж мэд.
уг кино,
・ карамэл хийгч бөгөөд айлын нөхрөөс дуудлага ирэхийг тэсэн ядан хүлээх гуч гарсан сайхан бүсгүй дэлгэц эзэгнэснээр эхлээд
・ түүнд дурласан ч торгохоос буцдаггүй, сайхан инээмсэглэдэг замын цагдаа,
・ хуримын анхны шөнө орны даавууг юугаар “чимэх”-ээ мэдэхгүй, тагтаа, болжморын “тусламж” авахаар шаналах хөөрхөн бүсгүй,
・ нас ахиснаас гарах өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө хуурах, нөхөртэй нэртэй ганцаардмал ахимаг бүсгүй,
・ ухаан самуу эгчийгээ харж насаараа ганц бие яваа толиотой эмэгтэй,
・ түүний сүүлийн бөгөөд магад бүтэлгүй хайр, тэр хайрын эзэн дэгжин жээнтлэмэн өвөө,
・ дүүгийнхээ амьдралыг үрж байгаагаа мэдэх ч сөгөөгүйгээр үл барам хайртынхаа захидалд тооцон хавийн хог цаасыг цуглуулан, өөрийн ертөнцөд дураар жаргах эгч авгай,
・ нөхөртэй нь дурлалцсан бүсгүйтэй адил өнгөөр хумсаа гоёхыг хүсэх улбар үст эелдэг бүсгүй,
・ хүлхгэр жийнсэн өмд, чихэвчний хөгжимнөөс үл салах, дуу цөөт, эрчүүдийг үл тоох эршүүд бүсгүй гэж үргэлжлээд
・ түүнээр угаалгах дуртай урт, хар үсээ түүний хэлснээр тайруулж, түүнтэй төстэй болж орхидог үзэсгэлэнт бүсгүйн өөдрөг инээмсэглэлээр төгсөнө.
нэг үгээр, эмэгтэй найруулагчийн “эмэгтэй” кино.
бидний багад амттан шимтэн ховор байхад, голдуу хөнгөн цагаан шанагыг золигт гарган, гарган өөрснөө хийж иддэг байсан ирээсийг үйлдвэрлэдэг түүхий эд, шат дамжлагаас цөцгийн тосыг нь хасчихвал карамэл болох нь.
тэр, чихэр атлаа шорвогдуу.
тэр, үмхэж амтлахад таашаал өгөхөөс гадна үзэгдэх байдлыг цэвэрхэн болгож гоёход тустай.
өтгөрүүлэх, шингэрүүлэх, халаах, хөргөх, амтлах, ашиглахыг зуурах хүн өөрөө мэдэх нь.
тийм карамэлийн амт, чанар, шинжийг мэддэг, мэддэг болсон, эсвэл мэдэхгүй чигээр өнгөрөх бүсгүйчүүдийн тухай кино.
жич: карамэл - шингэн чихэр эсвэл чихрийн зуурмаг болж таарах уу?