Тэр намайг хаа нэг үгүйлэн дурсдаг байж магад талаарх 1%-ийн баталгаат эх сурвалжаас олдож, чих хальт шүргэсэн мэдээлэл нь нөгөө “нээлт”-ийг яг одоо сөхөж бичих гэж байгаад буруутай бөгөөд сонсонгуут харц зөөлөрч, дуу намсаж, сэтгэл түр ханасныг илтгэн уруулын зах өргөгдсөнийг би 99%-ийн баталгаатай мэдэж байна.
ийм би ямар вэ.
яагаад иймийм бэ.
ийм би ямрыг тодорхойлохоо хойшлуулаад “нээлт”-ийг бичье л дээ.
Тэр, маний ухамсартай бодлоос хамаарахгүйгээр сэтгэлд, санаанд хүч түрэмгийлэн орж ирээд, хамгийг сандчааж орхих нь эрс.. маш.. ихэд.. тун.. онцгой цөөрсөн ч ор тас үгүй болохгүй байх нь надад өөрт шаналгаатай, үхтэл энэ шаналал, хямралд хүлэгдсээр байх мэт зовлонтой санагддаг болоод удаж байгаа билээ. байдаг л нэг өглөө бас л Түүний тухай бодол хаа нэгтэйгээс хийсэн ирээд хүрэн зүрхийг хором хэртэй базалж гарсан бөгөөд хөөрхий би зүрхээ аврахын тулд мөнөөх л зангаараа яагаад хийсэж ирсэн бодолд дарлуулаад байдгийнхаа шалтгааныг хайж, хариу нь урд зурайх зам дээрээс олдох мэт тас гөлөрсөөр явтал Түүний тухай бодлыг сэт татан толгойд харван орж ирсэн нь нөгөө нээлт маань байвай.
би Түүнийг хайрлаж, дурлаж байсан нь хөдөлшгүй үнэн хэдий ч миний хайр үүрд мөнхийн, зүйрлэшгүй үнэнч болохоороо юм уу, Тэр эртэй сайн, хүний ховортоо юм уу, би “эмтэй сайн”, хүүхний зөөлөндөө Түүнийг одоо болтол бодоод байгаа хэрэг огтхон ч биш, зүгээр л миний өнөөг хүртэлх амьдралд Түүнтэй хамт байсан өдрүүд дэндүү олон, Түүнтэй бүтээлцсэн дурсамж хамгийн их, Түүний үлдээсэн мөр хачин тод томруун болохоор л тэр юм байна шүү... гэдэг “нээлт”.
маний тархи боловсруулж, бодол үйлдвэрлэн гаргаад, намайг хөгжөөн цэнгүүлье гэж хэчнээн хичээгээд ч өөрт байгаа түүхий эдээсээ хальж хэрхэн шалих билээ дээ. түүхий эд нь Тэр ба Түүний үлдээсэн дурсамж.
өөр түүхий эд бага сага, түр зуур, нөхөлт гүйцээлт, хуучин шинэ, хөнгөн шингэнээр байсан, байгаа, байх хэдий ч тархинд эзлэх Тэр гэдэг түүхий эдийн хэмжээг давж гараад, халж солиход хараахан хүрэлцэхгүй байгаа л хэрэг.
ийм л амархан теором байж шүү дээ. гэтэл би үүнийг олох гэж хэчнээн жил болов оо. жимсээр амттан, чанамал, за үсрээд л дарс хийнэ үү гэхээс дангаар нь талх хийж болохгүй билээ.
мэдээжийн атлаа, мэддэг атлаа... ийм би ямар вэ.
ийм би энэ “нээлт”-ийг хийчихээд сэтгэл санаа цэлмэж хөнгөрсөн нь тэр байжээ. одоо надад жаахан турах л үлдсэн гэдэг шиг одоо надад тархи гээч бодол санааны үйлдвэрийг өөр, шинэ, дэвшилтэт түүхий эдээр хангах л үлдлээ.
импортонд л найдлага тавъя даа. Бурхан минь импортыг дэмжиж болгооно уу.