эртээ урьдын цагт юм гэнэлээ. энүүхэн довны цаана “хомо” гэдэг хорхойны хэдэн үүр байж гэнэ. тэд их завгүй. өдөржин шөнөжин амсхийх завгүй гүйлдэж, шар нартай бор хоногуудад байдгаараа чармайж амьдарна. янз бүрээр чармайна. эм хомо нь гайгүйхэн шиг эр хомо-д тоогдож, амь амьдралаа холбох гэж, эр хомо нь залуухан сайхан, наалинхай эм хомо-той учран жаргах гэж, зулзаган хомо нь бушуухан том болох гэж, зөнөж хөгширсөн нь үхэхгүй гэж, үүрээ том болгох гэж, үрсээ олон болгох гэж... чармайна. байдгаараа чармайна. эрвийж дэрвийнэ. зарим нь идэш тэжээлээ бусдаас их нөөцлөх гэж, зарим нь хомо хорхойгоо больж сомо хорхой болох гэж, хэсэг нь дэвжих гэж, хэсэг нь зүгээр л амьд явах гэж... эрвийнэ бас дэрвийнэ. хомо хорхойнууд ийнхүү чармайн, эрвийж дэрвийн амьдран суудаг байжээ. гэтэл нэг удаа бичкөөөөн үйл явдал болж гэнэ. нэг жаахан хомо хорхой өрөөсөн эврээ хугалж орхиж гэнэ. эвэргүйхэн маань их л зовж шаналжээ. үүнийг мэдсэн зарим хомо хорхойнууд нь байдгаараа туслахыг хичээх болов. хугарсан эврийг буцаах арга чарга сураглаж, хоол идэшнээсээ илүүчлэн бас л байдгаараа чармайж гэнэ. яагаад гэвэл бүх хомо хорхойнуудад эврээ хугалсан, хөлөө алдсан, хуягаа эвдэлсэн, үрсээ том хорхойн зоог болгосон гээд л зовлон тээсэн ах дүүс, хамаатан садан байдаг болохоор тэр ажээ. чармайж ядаж байж бас чиг гэж бусад хомо-н зовлонг мэдэрдэг хомо хорхойнууд юмсанжээ. тэд сураглаж явсаар нэгэн мэргэн хомоноос асууж гэнэ. эвэр хэрэгтэй байна, яах вэ? эргүүлж ургуулмаар байна, яах вэ? гэж. мэргэн хомо ингэж хэлж гэнэ. за эвэр ургаж ч магад, ургахгүй ч байж магад. юмыг яаж мэдэхэв, оролдож үзэх хэрэгтэй. гэхдээ эхлээд хугарсан эврийг нааж үз гэж гэнэ. ингээд хомо хорхойнууд шүлсээ цуглуулах болов. нэгэн авхаалжтай хомо хорхойн олж ирсэн ургамлын үрний хальсанд шүлсээ илүүчилж эхлэв гэнээ. нөгөөхөөрөө эврээ нааж эхлэв. нэгмөсөн нааж болохгүй, бага багаар тогтооно шүү гэж мэргэн хомо хорхой хэлсиймсанжээ. хугарч оргүй болсон эвэрний суурин дээр шүлсээ түрхэнэ. түүн дээр эврээ барьж тогтооно. дахин бэхэлж түрхэнэ. санасныг бодоход урагштай байв гэнэ. уг нь эвэргүйхэн хомо-г эртхэн ингэж арчлах хэрэгтэй байсымсанж. за тэгтэл байдал бишдэв гэнэ шүү. эвэргүйхэн хомо-д өөр олон зүйл хэрэг болов гэнэ шүү. хэрэгцээг бий болгов гэнээ. байгаа шүлсээ гамтай хэрэглэхийн оронд бөөн бөөнөөр нь нялж эхлэв гэнэ. эврээр зогсохгүй энд тэндээ түрхэж эхлэв гэнэ. хугараагүй үлдсэн өрөөсөн эврэндээ тууз зүүж урамшуулмаар байна гэж гэнэ, хөл болон хуягаа хугарч хагархааргүй бэхжүүлмээр байна гэж гэнэ, нэгэнт нааж эхэлснийх нэрээ тэнд нь бичүүлмээр байна гэж гэнэ, дахин хугараад гээгдвэл даруй олддог болно гэж гэнэ, сав нь жижигдээд их шүлс цугларахгүй байна гэж гэнэ, санаанд хүрэхүйц сайхан том савтай болмоор байна гэж гэнээ. хомонууд сураагүй юм биш, чармайж эхлэв гэнэ. тууз олж ирэв гэнэ, түүнийгээ зүүж өгөв гэнэ. нэрийг эвэрт нь сийлж гэнэ, нүүрийг нь далимд нь гялалзуулж гэнэ. томоо гэгчийн цэцгийн дэлбээ-сав олж гэнэ, түүнийгээ яаж ийгээд чирээд ирж гэнээ. заа ингээд том савтай ч боллоо гэнэ, түүнийгээ дүүргэхээр ч үзэж тарж, үсэрч наалдаж гэнэ дээ. харин энэ нь нэг л бүтэл муутай болоод явчив гэнэ. сав томрохын хэрээр эвэргүйхний хэрэгцээ нь ундарч, сайхан сэтгэлт хомонуудын шүлс нь хүрэлцэхээ байв гэнэ. ингээд тэд сандралдаж эхлэв гэнэ. итгэж ядсан эвэргүйхэн дэмий л уйлав гэнэ. байгаа жаахан шүлсээ гамнаж ариглахын оронд бачимдаж бухимдав гэнэ. тэднийг ийнхүү бужигналдах зуур раах нарыг залгичихав уу гэмээр гэнэт харанхуй бүчив гэнэ. хөөрхий тэднийг айж цочиж амжаагүй байхад нь шүлстэй том сав нь сүнхххххийн дүүлэв гэнэ, тэнгэр өөд. шүүрс алдаад л хоцорч гэнээ. харанхуйлсан учир нь раахт байсангүй ээ, хажуухнаар нь өнгөрсөн шаазгайд байсан байна. цэцгийн дэлбээн дэх хуримтлал нь чимэг зүүлт шиг гялалзаж харагдсан байна. шаазгай ч яахав олзоо үүрэндээ аваачиж, олон ангаахайгаа тойруулан, нар гарч навч цэцэг дэлгэрэхээс авахуулан, сар гарч одод түгэх хүртэл гялалзах эрдэнэстэй ганц цэцгийн дэлбээгээрээ наадан, амар сайхандаа жарган суув гэнэ. харин хомо хорхойнууд яасныг мэдэхгүй.
эртээ урьдын цагт юм гэнэлээ, энүүхэн довны цаана юм гэнэлээ, “хомо” гэдэг хорхойны хэдэн үүр байж гэнээ...