өчигдөр чимдаанаа ухлаа. хэрэг болгож тэр холоос авч ирчихээд ил гаргалгүй хадгалчихсан байсан эд зүйлээ гаргав. эд зүйлсэх юу байхав, ганжин л даа. гурилын мод, элдүүр, гулууз өөр юу юу ч гэдэг билээ, манай аав, ээжийн нутгийнхан лав ганжин гэдэг юм. хэн гэдэг хүн, хэзээ “бүтээсэн” эд юм, мэдэхгүй. манийг мэдээ орох цагаас л манайд байсан юм. их том ширхэгтэй модоор хийсэн, тохойн чинээ урттай ганжин. ямар мод гэхээрээ ийм том ширхэгтэй байдаг юм, тоорой, алтан гагнуур, загийн үндэс.. за аль нь юм мэдэхгүй. их л том ширхэгтэй, ширхэг бүр нь тод гэгч нь товойгоод гараад ирчихсэн. борооны усанд идэгдэж, ухагдсан зөөлөн хөрстэй уулын энгэр шиг. бор өдөр, шар хоногийн нугачаанд нухлагдаж, гүрдийсэн шууны судас мэт. ганжин атлаа ийм “ширхэгтэй” гадаргуутай, гадаргуу нь ийм “овон товонтой” атлаа элдэж тэгшлэхийн хувьд түүний урдуур “гишгэх” өөр ганжин үгүй. аав маань хот газар голомтоо асаахаар нутгаасаа гарахдаа л цүнхэлж гарсан эд гэнэлээ. тэр үед энэ ганжин шинэ байсан үгүйг мэдэхгүй. аав маань хоол тун сайхан хийнэ. зүгээр нэг сайхан амттай хийх биш, их нямбай хийнэ. гурил зуурахаас авахуулаад, түүнийгээ нухах, таслах, элдэх, мах шулах, хэрчих, зорох, татах, ногоо арилгах, хэрчих гээд л хоол хийж эхлээд аягалаад өгөх хүртэлх бүх үйлдэл нь нямбай, цэвэрхэн, илүү дутуу зүйлгүй байдагсан. гурил зуураад дуусахад хуруунууд нь цэв цэвэрхэн, зуурсан савны хана цэв цэвэрхэн. элдсэн гурил нь гортиг татаж байгаад цойлдоод авчихсан мэт дув дугуй. буузны гурил бол голдоо зузаавтар, зах нь нимгэхэн...төмс арилгаж өгөхөөс өөр ид шидгүй би өөдөөс нь хараад суучихна. ам хуурайгүй ярина. ам хуурайгүй асууна. аав хариулна, бас ярина. бас хоолоо хийнэ. намайг тийм ийм юм хий гэж ер хэлэхгүй, үүнийг тэгж ингэж хийнэ ч гэж заахгүй. аав хийгээд л, би яриад л... аавын яаж хийж байгааг хараад л. хоол сайхан хийдэг шигээ гал тогооныхоо “багаж зэмсгийг” сайхан нандигнаж хэрэглэнэ. ганжин, гампанз, хутга, тогоо, шанага гээд л. удаан хэрэглэсэн атлаа улам л өнгө ороод, улам л үнэ цэнэтэй болоод. амьсгалдаггүй ч шингээдэг байх, хэрхэн хандаж байгааг. манайд том, жижиг хоёр ганжин байх. жижиг ганжин нь энэ эртний эд. том ганжин гэж ямаршуухан юм байсныг би санадаггүй юм. харин аавын ганжин бол, аавыгаа хоол хийж байснаар нь, өөрийгөө хажууд нь хамгийн жаргалтай, тайван байснаар дурсах бүрт ороод л ирнэ. нөгөө л том ширхэгтэйгээ, нөгөө л гүдгэр зурааснуудтайгаа. дулаахан шаргал өнгөтэйгөө. мод нь хатуу мөртлөө алганд зөөлхөн, эвтэйхэн.
сая ирэхдээ аавынхаа ганжинг аваад ирсэн минь энэ. одоо минийх болсон. аав маань голомтоо үүсгэхээр нутгаасаа авч гарч, би голомтоо салгахаар гэрээсээ авч гарав. хэдэн халтар төгрөг биш ганжин үлдээсэнд нь талархав, би. аавын минь гарын илчтэй, алдрай насны минь дүүрэн дурсамжтай. үүнээс илүү үнэтэй юм гэж юу байхав.