тэр өрөөний ханыг янзлах гэж байгаа бололтой. шатан дээр зогссон хүнтэй нийлээд хуучирч шарласан ханын цаасыг цаана нь байгаа нимгэн хавтантай хамт хуулж байхын...энд нэг өрөө байна...шагайлаа. хаалганы зүүн талд буйдан дээр хэдэн хүн тухалжээ. тэдний дунд аав минь хачин гангалчихсан сууна. цайвар тод өнгийн цамц өмсөж, шар ногоовтор өнгө алагласан нэхмэл малгай духдуулчихаж. их л баясгалантай сууна...буцаад нөгөө өрөөнд ортол ширээ засчихаж...хүмүүс хооллохоор сууж байна...баахан шар толгойтой хүмүүс...өөдөөс харж суусан хүүхэн бузгай танимхайрч өмнөх тавагтайгаа над руу сарвайна...энэ монгол хүн бололтой...би бас түүнийг хэзээнээс ч юм мэддэг бололтой...тавагнаас өөрийнхөө хувийг аваад хажуудаа суух гадаад хүүхэнд дамжуулав...бараг юм үлдээгүй шахам...энэ юув гэж байна...за байз энэ гоймонг чинь юу гэж хэлдэг билээ...паста?...макарони?...тэгж ингэсхийж байгаад ойлгуулчихав бололтой. эргээд харсан...өө энэ нөгөө эгч байна шдээ...иймэрхүү махлаг эгч байдаг гэж хэн хэллээ дээ...анх нүүр тулж уулзаж байгаа мөртлөө их л дотно санагдах юм...гартаа нэг юм барьж...тэрийгээ эргүүлж тойруулаад л...завгүй байх бололтой...чиний заяаны хань биш л юм...гэхдээ та хоёр уулзанаа...за би нэг юм бодъё доо...та хоёр гэж?... шатаар дээшээ хурдлан гарав...энэ өрөө чинь хагас газар доор шахуу байж...тэр ирж байгаа галт тэргэнд суух ёстой билүү...тэр галт тэргээр надад хаягласан ямар нэгэн юм ирэх ёстой билүү...ямар ч байсан түүнд яарч л шатаар өгссөн юмдаг...хүрэн улаан өнгөтэй юм...энэ галт тэрэг.
дуугарч байнаа...гар утасны сэрүүлэг...үгүй мөн муухай дуугарна шүү...сэрүүн байхдаа сонсоход сайхан л байдын...урьд цагийн юм бодогдуулаад...sting “every breath you take”...нас залуу цус шингэн байж дээ...эзэн нь ”хагас үхсэн” хэвээрээ байхад автоматаар ажиллаж унтраагаад байдаг гарнаасаа зугатаалгаж хол тавьчихсан болохоор өндийж босохоос өөр арга байсангүй...буцаад хэвтлээ...нүдээ аниад...юу зүүдэлснээ сэргээн санахыг оролдов...зүүдээ манаж хоносон ухаантай.
юу ч ойлгосонгүй...зүүдээр дамжиж надад ямар мэссэж ирснийг...ирэх байсныг. яаж л бол яаж л тайлмаар эд байлаа. харин сүүлийн хэдэн жил зүүдэнд минь тухтай морилоогүй аавыгаа хачин тод зүүдэлсэндээ жигтэйхэн олзуурхав.
бараг л уулзаад духаа үнэрлүүлж эрхэлсэн чинээ додигор болов...гэхдээ л...тэр өрөөгөөр дөнгөж шагайгаад буцдаг нь ч юучив...аавыгаа сууж байхад. гүйж очоод уулзахгүй...үнсүүлж эрхлэхгүй...тэнэг гэдэг нь. өмнө нь сөгдөж сайхан нүдийг нь хараад удаан ярьж суух байсын...юундаа яардаг байнаа...тэр гоймонтой хоолноос л хоцрох гээд байсын байх даа...ээ дүүрсэн ч амьтан бол доо. хажуу бөөрөнд нь наалдаж суугаад, эзгүй байсан энэ олон жилд нь хаагуур юу хийж явснаа, алдаж оносноо, дуулж мэдснээ, өсч өндийснөө...өдий зэрэгтэй яваа гэдгээ хуучилсан бол...өглөө хусаад гарахад орой нь цухуйж амждаг, хаа нэг буурал үс гялтганах сахалд нь хатгуулан байж үнсүүлсэн бол...алдаа оноогоо цэгнүүлж, харцаар нь хэд ороолгуулсан бол...хэчнээн сайхан байх билээ. гэхдээ аав минь сэтгэл хангалуун инээвхийлэн суусаан, тод онготэй нэхмэл бэрэт духдуулаад. цэл залуу цагынхаа гэрэл зурган дээрх шигээ.
аавын минь шанаа сайхан үнэртэй байдагсан...сахлын ус...ялимгүй тамхины утаа...бас тэгээд аав өөрөө. татдаг тамхины утаа нь хүртэл, тамхиа асаахаар зурсан шүдэнзний толгойноос уугих шатсан дарины үнэр нь хүртэл хамгийн сайхан, хамгийн дотно. аавын генээс хувь хүртэж хэлбэршсэн энэ л хамраар дамжиж ой санамж, сэтгэл зүрхэнд минь үлдсэн үнэр. хэн нэгнээс хайдаг л байх, өөрийн мэдэлгүйгээр.