чи өөрөө л энэ бүгдийг эхэлсэн...
миний энэ бүх шаналгаа, энэ бүх гуниг ганцаардлыг чи эхлүүлсэн. анх эхлэхдээ гайхалтай санаандгүй байсан. ингэж зовж шаналахаа мэдсэнсэн бол гэж зүхсээр нэлээн хугацааг барж. чамтай учирсан, чамайг таньж эхэлсэн тэр мөчийг, тэр өдрийг үзэн ядаж байна. анзаарахын завдалгүй чи намайг санаж байснаас минь өндөрт хөөргөж, үүлэн дунд хаячихаад...ганцаар үлдсэн би хар эрчээрээ доошоо унаж байна, унаж дуусахгүй байна. замд таарсан бүхнээс зуурах хүсэл ч төрөхгүй байна. удаан унаж байна. дэндүү шаналгаатай унаж байна. ийм арчаагүй унаж байгаа өөрийгөө тавламаар байна...хохь чинь...их хөөрөхөөр ингэдэг юм...байнга өөрийгөө барьж хянаж байдаг чинь яасан? бодитоор сэтгэж бодож байж хөдөлдөг чинь яасан?
чамаас асуусан...
шүү дээ. чамаас асууж байж би дээшээ хөөрсөн шүү дээ. хамт хөөрмөөр байна гэсэн чи. үнэхээр чамтай хамт хөөрч болох уу? гэсэн би. болно гэсэн. хамт хөөрөөч гэсэн. би сайн дураараа чамайг дагаж хөөрөөгүй юм. тийм болохоор бүр ч илүү гомдож байна, чамд. тийм ээ, маш их гомдолтой байна.
би тун цөөхөн...
ердөө хоёрхон удаа жинхэнээр, бас ийм өндөрт хөөрөөд унаж байгаа нь энэ. эхний хөөрөлт удаан байсаан. унаж болзошгүйг мэдрээд л өнгөрөх байсныг, унахгүй байж болох байсныг магадгүй би өөрөөсөө болж маш өндрөөс унасан. хөөрч гарсан өндөртөө удсаных уу, унах тухай зүүдэлж ч байсангүй. одоо хүртэл унасандаа, бүр очиж очиж тэр намайг ингэж унагаасныг зүүд байгаасай гэж хааяа бодох нь гачлантай. дэндүү өндөрт гарч, бас дэндүү удаан өндөрт байж. унахдаа хамаг байдгаа хага бутруулан унасан даа. одоо ч хөл доор хагархай нь хөглөрсөөр байна. бутархайн дунд, хагархайн дунд яахаа мэдэхгүй цөхөрч суухдаа чамтай учирч...энэ дунд арай гэж зай гарган хөл тавьж эхэлсэн нь чиний ач байсаан. хоёр дах удаагийн хөөрөлт "чинийх" байсан.
би чамд хайртай...
гэдэг үгэндээ би маш "нарийн" байдаг аа. тааралдсан, таалагдсан болгонд биш, чин үнэн сэтгэлээсээ хайрлаж дурласан хүндээ л харамгүй хэлэх үг гэж боддог. өнөөдрийг хүртэл түүнд, бас чамд, ингээд хоёр л хүнд хэлж. гурав дах хүнд хэлэхийн оронд зүрх сэтгэлээ талын нэг цацаж тараагаад хоосон цээжтэйгээ насыг барсан нь дээр мэт санагдана. үнэ цэнэгүй сэтгэлээр юугаа ч хийх билээ дээ.
чи өөдгүй...
юм даа. дэндүү өөдгүй юм...
...
(хүний захидлыг зөвшөөрөлгүй тавьсандаа хүлцэл өчье)